Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр нарыг суллаж, хилийн хориг тогтоожээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл тэдний хоёрыг нь өнгөрсөн лхагва гарагт /2019.07.04/ цагдан хорьж, шалгахаар болсон байдаг. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг өчигдөр /2019.07.09/ шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.   

Шүүх бүрэлдэхүүн "Тус шүүхийн энэ сарын 04-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар "Яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрхи хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийн мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгсөнгүй. Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 04-ний өдрийн 239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ" гэсэн байна. 

Улмаар прокуророос яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарыг  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч, яллагдагч нарыг энэ сарын 08-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top