Хятадын зүүн хэсэгт Юань гүрний үеийн бунхан олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Хятадын Шандун мужид Юань гүрний үед /1271-1368/ хамаарах эртний бунхан олдлоо гэж Цинань хотын Археологийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Тоосгоор барьсан бунхныг Монголын Юань гүрний үед барьж байгуулсан байна. Байгууламжийн газар доорх хэсэг нь монгол гэрийн хэлбэртэй гэнэ. Бунхны орой хэсгийг бадамлянхуа цэцгийн хэлбэрээр товойлгон хийсэн байна. Бунхны ханыг аз, сайхан сайхан байхыг бэлгэдэл болсон үүлэн хээгээр чимэглэж, нэг ханан дээр нь бунхныг барьж байгуулсан оныг бичсэн байжээ. Юань гүрний үед хамаарах бичээс бүхий бунхан тэр бүр олддоггүй тул энэ олдвор ихээхэн үнэ цэнтэй гэж Цинань хотын археологийн хүрээлэнгийн археологич Го Цюньфень ярьжээ.

Энэхүү бунхныг төрийн хамгаалалтад авах гэнэ. Бунхныг илрүүлсэн газарт барилгын ажил явагдахгүй тул археологийн дурсгалыг тэнд нь үлдээх аж.

Үүнээс өмнө Цинань хотоос Юань гүрний үед хамаарах хэд хэдэн бунхан олдож байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top