ШУУД: Төрийн далбааны өдөрт зориулсан ЁСЛОЛЫН ЖАГСААЛ эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Өнөөдөр /2019.07.10/ Төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулж байгаа юм. Монгол Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалыг Zindaa.mn төв талбайгаас шууд дамжуулж байна.



ШУУД ҮЗЭХ

 


ТӨРИЙН ДАЛБААНЫ ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ
 

1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан байдаг.

2. Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон. 

3. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.

4. 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долоодугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

5. Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах  энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.

6. Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж байжээ.

7. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байжээ. 

8. Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ. 

9. “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн нэг бүрийн бэлтгэл 2014 оны зургаадугаар сарын 09-14-нд, эгнээний бэлтгэл 06 дугаар сарын 14-18-нд, салбарын бэлтгэл зургаадугаар сарын 18-24-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд нэгдсэн бэлтгэл зургаадугаар сарын 25-наас БХИС-ийн Жагсаалын талбайд  хийгдсэн. Энэ хугацаанд шөнийн парадыг долоодугаар сарын 07, 09-ний өдрүүдэд 04.00-07.00 цагийн хооронд хоёр удаа зохион байгуулжээ.

10. Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top