Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваа өндөрлөлөө. Энэ жилийн сурын харваанд 360 эрэгтэй харваач, 180 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьсон юм.
Үндэсний сурын эрэгтэй харваачдаас, Төв аймгийн уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер, аймгийн тэргүүн Э.ЦОГБАЯР 40 сумаас нэг сум гээж, 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзол хангалаа.
Харин эмэгтэй харваачдаас, Дундговь аймгийн уугуул “Цахиур” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Ө.ХАТАНБОЛОР 40 сумнаас гурван сум гээж, 37 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолын болзол хангав.
Улсын баяр наадамд түрүүлсэн харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгч цол тэмдгийг нь гардууллаа.
ҮНДЭСНИЙ СУРЫН II, III БАЙРТ:
Эрэгтэй харваачдаас, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуун 40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлж, Монгол Улсын “Гарамгай харваач” цол хүртлээ.
Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбат 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлж, Монгол Улсын гоц харваач цолоор энгэрээ мялаалаа.
Эмэгтэй харваачдаас, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэг 40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлж, Монгол Улсын “Гоц харваач” цол тэмдэг хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )