Хятадын нэг тэрбум үзэгчдийг байлдан дагуулсан Монгол хүүд сэтгэлийн бэлэг илгээцгээе!

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13

МУГЖ С.Жавхлан “Алсад суугаа ээж” дуугаа анхны тоглолтон дээрээ  уярал, харууслын нулимсаа унагаан байж дуулснаар Бөхийн өргөө дүүрэн үзэгчдийг хоороор нь уйлуулж байлаа. Гавьяат маань тэгэхэд 23 настай байв. Харин Өвөр Монголын Хөлөн буйр аймгийн Удмаа хэмээх 12 настай энэ хүү тэрбум гаран хятад үндэстнийг уярааж чаджээ. Машины ослоор аав, ээжийгээ алдсан Удмаа хүү тайзан дээр яаж ийм гайхалтай хатуужилтай байж чадсан тухай Хятадын бараг бүх хэвлэл бичиж, тэрээр дуутайгаа хамт ганцхан өдрийн дотор дэлхийн хүн төрөлхтөний 20 хувь нь таньдаг од болжээ. Түүний жинхэнэ нэр Уудам бөгөөд Удмаа гэдэг нь өхөөрдсөн нэр нь бололтой. Харин одоогоор дэлхий даяар түүний нэр түгэхдээ Удмаа хэмээн тархлаа.

Бидний мах цусны тасархай Монгол дуугаа ийнхүү дуулж, бүгдийн сэтгэлийг уярааж чаджээ. Ингэхэд бид чинь ижий аавыгаа баярлуулж чадсан билүү. Энэ хүүгийн сэтгэл зүрхээрээ дуулсан сайхан Монгол дуу хүн бүхэнд нэгийг бодогдуулсан байх гэж итгэж байна.

5-р сарын 29-нд "Авьяаслаг Хятадууд" шоун дээр дуулсан түүний дуу Хятадын ССТВ-гээр цацагдсанаас хойш Youtube сайт дээрх бичлэгийг нь 2 сая орчим хүн үзээд байна. Магадгүй энэ тоо хэдэн зуу дахин өсөх байх. Түүнийг дэлхий таниасай.

Яг одоо Өвөр Монголд өрнөсөн жагсаал цуглаанаас болж Өвөр Монголд интернэтийн бүх сувгийг хаачихаад байгаа. Элэг нэгтнүүд маань хүүгийнхээ дууг сонсож чадахгүй байгаа энэ үед хоёрхон сая ч гэлээ монголчууд бүгдээрээ Удмаа хүүг дэмжихийг уриалж байна. Түүнийг дэмжиж байгаа хүн бүхэн сэтгэгдэл үлдээгээрэй гэж хүсэмжилье. Бид та бүхний сэтгэлийн бэлгийг Удмаа хүүгийн Facebook, Хятадын “Авьяаслаг Хятадууд” шоуны зохион байгуулагчдаар болон бусад бүх хэлбэрээр арга зам хайж түүнд дамжуулах болно.

Дашрамд энэ гайхалтай дууг амилуулж, Монгол хүүгийн сэтгэлийн яруу хөг аялгууг бүх дэлхий даяар түгээх эх үүсгэлийг тавьсан МУГЖ С.Жавхлан болон дууны зохиогчдод уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Дэлхийн бүх монголчууд бид нэг л удамтай шүү дээ.


Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top