НААДАМ 2019: Аймгийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн аймгуудын наадмын бөхийн барилдааны түрүү болон үзүүр бөхийг танилцуулъя.


АРХАНГАЙ: Арын сайхан хангай нутагт сумын заан Д.Ням-Очир түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Батцэнгэл сумын харьяат аймгийн заан, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар үзүүрлэн цолоо баталлаа.

БАЯНХОНГОР: Аймаг байгуулагдсаны 78 жилийн ойн баяр наадамд Бууцагаан сумын харьяат аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж, арслангуудын эгнээнд багтлаа. Харин Жинст сумын харьяат аймгийн харцага Т.Дүүрэнсаран заан болж цолоо ахиулав.

БАЯН-ӨЛГИЙ: Тус аймгийн наадамд өнгөрсөн жилийн түрүү, үзүүрт шалгарсан бөхчүүд дахин үлдлээ. Өнгөрсөн жил үзүүрлэсэн Цэнгэл сумын харьяат аймгийн заан М.Аманбек түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэжээ.

БУЛГАН: Уг наадамд Гурванбулаг сумын уугуул аймгийн заан П.Дагвадорж түрүүлж, Хишиг-Өндөр сумын харьяат харцага Э.Түвшинтөгс үзүүрлэв. Хоёр бөх хоёул цолоо ахиулав.

ГОВЬ-АЛТАЙ: Засагт ханы хөх харчуудын наадамд Бигэр сумын харьяат аймгийн харцага Ц.Эрхэмбаяр түрүүлснээр арслан цолонд хүрсэн бол Хөхморьтын уугуул аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэн заан болжээ.

ДАРХАН-УУЛ: Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Дарханы харьяат аймгийн начин Э.Төгөлдөр түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, сумын заан Э.Мөнхжаргал үзүүрлэжээ.

ДУНДГОВЬ: Тус аймаг байгуулагдсаны 78 жилийн ойн баяр наадамд Гурвансайхан сумын харьяат аймгийн харцага Б.Доржсүрэн түрүүлж, арслан боллоо. Харин Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Э.Золбоот аймгийн начин, харцага цолыг алгасч заан болсон байна.

ЗАВХАН: Уг наадамд Тосонцэнгэл сумын харьяат аймгийн начин М.Амарсанаа түрүүлж, Яруу сумын харьяат аймгийн заан М.Лхагвагэрэл үзүүрлэн цолоо батлав.

ОРХОН: Эрдэнэтийн наадамд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Завханы харьяат аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэсэн байна.

ӨМНӨГОВЬ: Тус аймгийн наадмын бөхийн барилдааныг будилаантай болсон гэлцэж байгаа ч хүчин төгөлдөр хэмээн тооцсон. Аймгийн 88 жил, Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойн наадмын бөхийн барилдаанд Номгон сумын харьяат аймгийн начин М.Адъяахүү түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Э.Энхбатын төрсөн дүү аймгийн заан Э.Энх-Амгалан үзүүрлэв.

ӨВӨРХАНГАЙ: Өврийн сайхан хангай нутгийн наадмын бөхийн барилдаанд Богд сумын аймгийн харцага Х.Энхчулуун түрүүлж, Тарагт сумын харьяат аймгийн харцага Ж.Бямбадоньд үзүүрлэснээр заан болжээ.

СЭЛЭНГЭ: Тус аймгийн наадам энэ жил хамгийн эрт болсон бөгөөд аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж хурц чимэг хүртэв. Харин аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэлээ. Дээрх хоёр бөх нь хоёул улсын наадамд зодоглож начин цол хүртэн одтой наадав.

СҮХБААТАР: Энэхүү наадамд Асгат сумын харьяат аймгийн заан Ч.Энхмөнх түрүүлэн арслан цол хүртсэн бол Дарьганга сумын харьяат, аймгийн заан Б.Гансүх гурав дахь удаагаа цолоо баталлаа.

ТӨВ: Тус наадамд улсын заан Ц.Баярсайхан, Б.Батмөнх тэргүүтэй 256 бөх барилдахад Баян сумын уугуул аймгийн харцага Д.Батсүх найм даван түрүүлсэн бол Өндөрширээтийн харьяат чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэжээ.

УВС: Уг аймгийн түүхт 94 жилийн ойн наадамд Хяргас сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр түрүүлж хурц чимэг зүүсэн бол чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн начин Х.Мөнхжаргал үзүүрлэн заан цол авчээ.

ХОВД: Олон ястны өлгий, баруун бүсийн тулгуур аймгийн наадмын бөхийн барилдаанд Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх түрүүлж, хурц чимэг хүртсэн бол Мөст сумын харьяат сумын заан Ц.Төмөрцоож үзүүрлэн аймгийн заан болсон байна.

ХӨВСГӨЛ: Тус аймгийн наадмын барилдаанд Галт сумын харьяат аймгийн начин Б.Пүрэвдорж түрүүлснээр арслан цолонд хүрсэн бол Шинэ-Идэр сумын харьяат харцага Л.Энхбат үзүүрлэв.

ХЭНТИЙ: Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтийн наадмын барилдаанд Батширээт сумын харьяат аймгийн заан Г.Бадрах түрүүлж, Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэв.

НАЛАЙХ: Тус дүүргийн наадам бас л маргаан дагуулсан. Улмаар Завханы харьяат аймгийн начин Д.Батбаатар түрүүлж, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Н.Хүрэлсүх үзүүрлэжээ.

БАГАНУУР: Уурхайчдын хот Багануурын наадамд аймгийн начин Б.Чинбат түрүүлж, аймгийн харцага Б.Хасчулуун үзүүрлэсэн байна.

Харин Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийнхан баяр наадмаа бүсийн хурдтай хамтатган энэ сарын 28, 29-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Дорноговь аймагт “Говийн бүсийн хурд” даншиг наадам болох бол Дорнодод “Зүүн бүсийн хурд”-тай. Говьсүмбэрт аймаг байгуулагдсаны 25 жилийн ой, “Төвийн бүсийн хурд”, “Боржигины наадам” болох юм. Энэ жил “Баруун бүсийн хурд”-ыг Баян-Өлгийд, “Хангайн бүсийн хурд”-ыг Хөвсгөл аймагт зохион байгуулах тов гарсан бөгөөд дээрх наадмууд энэ сарын 26-28-нд болох хуваарьтай. Хөвсгөлчүүд “Хотгойдын хурд 4” уралдааныг Мөрөн хот байгуулагдсаны 210 жилийн ойн баяр наадамтай хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top