ЖЮҮ ЖИЦҮ: Ази тивийн АШТ Улаанбаатар хотноо эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Жюү жицү бөхийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.07.17/ "Бөхийн өргөө"-нд эхэлж байна. 

Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна.

Азийн АШТ энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээний нээлт өнөөдөр 16.00 цагаас болно.  Тэмцээнд 13 орны 19 шүүгч ажиллаж байгаа ба тэдний дунд Монголын гурван шүүгч багтаж байна. 

Энэ удаагийн тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77, нийт 408 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин оролцож байгаа.

Жюү жицүгийн Азийн АШТ Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн 4 төрлөөр явагдана. NeWazaJiuJitsu, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй -56, -62, -69, -77, -85, -94, +94 кг, эмэгтэй -45,- 48, -52, -57, -63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөнө. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн гурван ангиллаар медалийн эздээ тодруулна. Харин энэ сарын 20-ны өдөр өсвөрийн тамирчдын тест эвент явагдах тус тус хуваарьтай байна. Өнөөдөр тэмцээний дэвжээнд манай улсаас 17 тамирчин зодоглоно.  Тэмцээн үзэж байгаа хүмүүс тасалбарын кодоороо сугалаанд оролцож, азаа үзэх боломжтой.
 

 

Нэмж хэлэхэд, тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулсан. Сургалтыг Азийн жюүжицүгийн холбооны ерөнхий шүүгч, Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулжээ. "Чингис" зочид буудлын хурлын танхимд өчигдөр /2019.07.16/ өндөрлөсөн сургалтаар Онол, практик хослуулсан сургалтад шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор хөнөөлийн тухай ч тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ойлголт өгчээ. Сургалтад хамрагдсан 30 гаруй шүүгч цаашид Олон улсын шүүгчийн шалгалт өгөх эрхтэй болж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top