14 настай У.Номуундарь охин НҮБ-ын индрээс үг хэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Нью-Йорк хотноо НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт болж байна.

Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг танилцууллаа. Мөн 14 настай У.Номуундарь охин Монгол Улсаа төлөөлөн НҮБ-ын индрээс үг хэллээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын илтгэлийн тухайд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг илтгэлдээ дурдлаа. Тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа талаар мөн  дурдав. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг тэрбээр онцлов.

Энэ  сарын 16-19-ний хооронд болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийг анх удаа ийнхүү НҮБ-д танилцуулав.

2015 оноос эхлэн зохион байгуулж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад эдүгээ давхардсан тоогоор нийт 158 улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Манай улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсантай холбогдуулан Норвег, Япон, Сьерра-Леон зэрэг улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид  үг хэлж, асуулт асуув.

Мөн өдөр буюу долоодугаар сарын 16-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцов. Нээлтэд таван улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс эхэнд өгүүлсэнчлэн Монголын хүүхдүүдийг төлөөлж, Гёте сургуулийн есдүгээр ангийн сурагч  У.Номуундарь охин үг хэлж, дуу хоолойгоо илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.172) 2024 оны 04 сарын 21

Ярьж л байдаг хэлж л байдаг хэлж тэндгүй л явж л байдаг

2  |  0
su ah(202.179.25.227) 2024 оны 04 сарын 21

Chuulga uulzalt bish zugeer l show yum bish uu. Manaid togtvortoi hugjliin zoriltiig nutagshuulah ni baitugai togtvortoi zasaglal zasgiin gazar ajillaj chadaagui sh dee

3  |  0
Top