Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг ГАЛАН ДУНД өрнөх болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь олонх буюу эрх баригчид батлах гэж яарахаасаа илүүтэй үүнийгээ сурталчлах, сонгуулийн өмнөх жилийн гол акциа болгох давхар зорилготой ажиллаж буй.  Төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь авч, гишүүд болгон нь сонгогчдынхоо уулзалтын гол сэдвээ болгон ярьж явна. Яг ийм байдлаар ажиллаж байсан хууль санаачлагчдад сүүлийн хоёр өдөрт өөр шинэ нөхцөл байдал үүслээ.

Ажлын хэсгийнхэнтэй санал солилцох байдлаар Үндсэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хандаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын амралтын дараа өөр нэгэн төслийг “Миний санал” хэмээн УИХ-д өргөн барилаа. Тэрбээр наадмын нээлтэд хэлсэн үгэндээ баярын дараагаас УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ, Үндсэн хуулиа өөрчлөн хөгжүүлэх ёстой гэх утгатай байр суурийг илэрхийлсэн нь учиртай байжээ. Хамгийн гол нь өөрийн санал буюу төслөө өргөн барих үедээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар УИХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн, дараа нь тарах ёстой” гэсэн нь бүр ч анхаарал татах мэдэгдэл байлаа.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамрахаар байна гэж Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр чуулганы хуралдаанд танилцуулжээ. Шинэ нөхцөл байдлыг нухацтай ярилцах шаардлагатай, гэхдээ “нөгөө” төсөлд саналыг тусгах байдлаар хэлэлцээд явах боломжтой гэв. Үгүй гээд яах ч билээ?

Ерөнхийлөгчийн хэдэнтээ цухалзуулаад амжсан “УИХ тарах ёстой” гэдэг санаа энэ удаад барьцаатай болоод ирэв. Үндсэн хуулийг батлаад тарах, эс бөгөөс Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр өөрсдөө хонь бүрэн чоно цатгалан үлдэх. Ийм хоёр сонголт “тулгаж”, УИХ-ыг “сүрдүүлсэн” маягтайгаар хуулийн төслийг өргөн барьсан хэрэг. Гэхдээ эрх баригчдад Үндсэн хуулиа ч батлаад өөрсдөө ч хугацаагаа дуусгах бололцоо байхыг үгүйсгэхгүй. Тэр нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс нөгөө төсөлд тусгагдаагүй саналыг нэмж, түүнийг тайвшруулах арга байж болохгүй гэж үү?!

Нэгэнт хэлэлцүүлгийн шатандаа орчихсон яваа төсөлд хөндөгдөөгүй 16 санал гэдэг овоо том тоо. Тооны олон, цөөнөөс гадна зарчмын хол зөрүүтэй саналууд нэлээдгүй байх аж. Байгалийн баялгийн захиран зарцуулах эрх, шүүх засаглал, сонгуулийн систем,  эрх мэдлийн хуваарилалт, бүх нийтийн санал асуулгатай холбоотой гэх зэрэг.

МАН-ын санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ардаа нэлээдгүй шинэчлэл, ахицыг дагуулахаар боловч “аядуу” зөөлөн гэж дүгнэж болохоор байлаа. Сэтгүүлчид хүртэл удаан хүлээлгэсэн өөрчлөлт ингээд л болоо юу гэсэн маягтай хандсан.

Харин одоо Ерөнхийлөгчийн санаачилгууд “хувьсгал”-ын дайтай чанга дуулдаж байна. “Үндсэн хуулийг хувьсгалаар хийдэг” гэх үг бий. Асар том өөрчлөлтийг ардаа дагуулдаг гэсэн санаа.

Саналынхаа “амин сүнс”-ийг тайлбарлан ойлгуулж чадах эсэх нь Ерөнхийлөгчийн багийнхны гол сорилт болохоор харагдаж байна.

Мөс хагарах шиг доргио үүсгэсэн түүний саналуудыг нийгмийн сүлжээнд ид хэлэлцэж байна. Тэр бүрт тайлбар өгөх шаардлагагүй үгүй ч байж болно. Үнэндээ бол Үндсэн хуулийг ямраар өөрчлөх эрх мэдэл нь хэдий “шаантаж”-нд ороод байгаа ч өнөөгийн УИХ, тэр дундаа МАН-д бий. Юуг нь авах, авахгүйгээ тэд мэднэ. Тэгэхээр яг энэ хэвээр батлагдах гэж байгаа биш хэмээн үг, үсэг бүрчлэн тайлбар өгч ноцолдохгүй орхихыг үгүйсгэхгүй. Тэгээд ч Ерөнхийлөгчид “хуулийн зөвлөх” байх шүү дээ...

Түүний Тамгын газрын дарга З.Энхболд өргөн баригдсан өмнөх төслөөс зарчмыг зөрүүтэй зарим саналыг уг нь тайлбарласан. Ялангуяа байгалийн баялагтай холбоотой өөрчлөлттэй санал нийлэхгүй байгааг дурдаад  “Төрийн өмч гэдэг үгийг нийтийн өмч гэдэг үг сольж байгаа. Байгалийн баялаг одоогийн болон ирээдүйн монголчуудын өмч. Ямар нэг шийдвэр гаргахдаа нийт өмчийн эзэн болох ард иргэдээс заавал өөрчлөлт оруулж байгаа юм. Мөн баялаг манайх. Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах бол гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь зардлаа гаргана. Ашгийн 51 хувьд манайд үлдэх ёстой гэсэн хязгаарлалт оруулж байгаа” хэмээжээ. Мөн шүүхтэй холбоотой санал, байр суурийг онцлон тодотгож байгаа.

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зүгээр хараад толгой дохиод суухгүй нь тодорхой төдийгүй  чухам яаж өөрийн сүр хүчээ илэрхийлэх бол гэсэн хүлээлт байсаар ирсэн. Түүний байр суурь хүлээлтэд хариу өглөө. Хэлэлцүүлгийн бүх үе шат цаашид хүлээлт үүсгэж анхаарал татах, гал дуудах нь бараг тодорхой болов.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.218) 2019 оны 08 сарын 20

Ард түмнээс санал асуулга авахгүй Д.Содном гуай шиг ”ард түмнээ харанхуй масс” гэж үзвэл ард нь хувьсгал гарах л бх Энэ цаг үе дор хойшид ч ард түмэн хамгийн ухаантай нь бх болно Улс дөнгөж төвхнөж байх үед тийм л бсан бх одоо болон үүнээс хойш тийм биш

0  |  0
иргэн(202.9.42.193) 2019 оны 07 сарын 19

Манай монголд ийм юм хийдэггүй ерөнхийлөгч нэртэй хоолны сав хэрэггүй дээ,мөнгөөр сонгогдсон өөдтэй мэдлэг чадвартай бишээ,апрад нь бас ямарч чадваргүй авгай хүүхнүүд голдуу хачин юмнуудын цуглуулга шүү дээ,Уянга,Ц.Хулан мэтийн ажилгүй авгайчуудаас юу гарах вэ.76-г 108 болгохыг бүх ард түмэн эсэргүүцнэ,дахиад луйварчдын тоог нэмэх хэрэггүй.

1  |  0
Хүрэлбаатар(112.72.11.119) 2019 оны 07 сарын 18

76 аа яаая гэж байж юун 108 бэ.Авилгал авах хүний тоо нь нэмэх юм уу. Шүүх прокурор Элбэгдоржийн асуудал Зоригийн эрүүдэн шүүлт гээд асуудлуудаа шийдэж чадахгүй байж юун 108 бэ

0  |  0
Зочин(66.181.184.81) 2019 оны 07 сарын 18

76 - гаа захирч чадахгүй байж олон юм яриад яах вэ ? Eр нь юм л бол тар гэдэг үгийг -2 жил л ярилаа . Өөр хийх ажил зөндөө л баймаар . Түмнээ ядуурлаас гаргах бодлгого байна уу ? Хажуу хятад чинь сая саяар нь ядуурлаас гаргаад байдаг . Ядарсан түмнээ 108 хоолны сав нэмэх гээд л байдаг .

0  |  0
лам(202.9.43.209) 2019 оны 07 сарын 18

ямар юмных нь галан дунд байх вэ дээ. женко мэтийнхний төсөл гэгчийг санал мэтээр авч үзээд л шуударчихна даа .

0  |  0
Top