Өрөө дарахын тулд зэрэглэлээ унагахгүй байх ёстой

2019 оны 07 сарын 20

Ирэх дөрвөн жилд манай улс 14.4 тэрбум ам.долларын өр төлбөр төлөх ёстой. Ийм хэмжээний өр төлөх бодит боломж бидэнд байхгүй тул өрийг өрөөр санхүүжүүлэхээс өөр сонголт үгүй. Тэгэхээр бид гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ-дээ анхаарч, ахиулах тал дээр идэвх гаргах нэн шаардлагатай гэсэн үг. Манай төр ч хувийн хэвшил ч гадаад зах зээлээс хөрөнгө татах хэрэгцээтэй. Өчигдрийн болон өнөөдрийн  нөхцөл байдлыг харахад манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө  зээлж байна. Банкуудын тухайд  8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байна. Эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөрвүүлэх зардлыг нэмэх юм бол банкууд гадаад зах зээл дээрээс 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж буй. Энэ нь  улсын эдийн засаг, зээлжих зэрэглэлтэй шууд холбоотой.

Тэгвэл  олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч (Fitch) агентлаг  манай улсын  урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр,  богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээжээ. Тус агентлагийн мэдэгдэлд Монголын дотоод улс төрийн байдал өөрчлөлтөд орж, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх эргэлзээ улс төрийн маргааны сэдэв болоод буйг тодотгов. Засгийн газар, Рио Тинто хоёрын хоорондох татвар, хугацааны хоцрогдол, хөрөнгө оруулалтын гэрээний бусад заалтын хүрээн дэх бэрхшээлтэй харилцаа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн шок бий болгох магадлалыг нэмэгдүүлж байна. Эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг өндөр байгаа нөхцөлд энэ нь эргээд Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөтэй гэж тус агентлаг үзэв. Түүнчлэн  Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” хэвээр үлдээхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг дурджээ.

Тэдний мэдэгдлээс эшлэхэд эдийн засгийн өсөлтийн тогтвортой төлөв, төсвийн болон засаглалын үзүүлэлтүүд сайжирч буй нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эергээр нөлөөлж буй.  Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт  хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэх, эдийн засагт шок учрах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд хязгаарлалт болжээ. Төсвийн ашиг 2018 онд ДНБ-ий 2.6 хувьд хүрч, батлагдсан төсөв болон Фитч агентлагийн төсөөлсөн дүнгээс давжээ. Орлогыг нэмэгдүүлэх чиглэлд шинээр арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй хэдий ч 2019 оны тавдугаар сарын төслийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого болон зардал тогтвортой өсжээ.

2020 оны УИХ-ын сонгуулийг урьтаж төсвийн зарлага огцом өсөөд байгаа бөгөөд өнөөгийн төсвийн сайн гүйцэтгэл ирэх онд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Тус агентлагийн үзэж буйгаар Монгол Улсын төсвийн алдагдал 2020 онд дөрвөн хувьд хүрэхээр байгаа аж. Иймд Фитч агентлагийн суурь төсөөлөлд улс төрийн циклээс шалтгаалсан эрсдэлүүд ихээхэн нөлөө үзүүлэх хүлээлттэй гарчээ. Фитчийн суурь төсөөллөөр 2019 оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч буурах, Монгол Улсын өр 2020 оноос эхлэн алгуур буурах хандлагатай байна. Гэвч төсвийн алдагдал өндөр байхаар хүлээгдэж буй тул Монгол Улсын Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа “B” зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын  дунджаас их байх таамагтай байгаа юм.

2019 оны зургаадугаар сард ОУВС-гийн ажлын хэсэг дүрмийн IV заалтын зөвлөлдөх яриа хэлэлцээний талаар хэвлэлийн мэдэгдэл гаргасан. Уг хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улс эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргасан боловч ирээдүйд учирч болзошгүй гадаад шокуудыг даван туулахад шаардлагатай нөөцийн хамгаалалт хангалтгүй хэвээр байгааг онцолсон. Үүний зэрэгцээ эрх баригчдын зүгээс шаардлагатай урьдач арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, тухайлбал активын чанарын үнэлгээ­ний хүрээнд банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөн­гөд магадлан шал­галт хийлгэх төлөвлөгөөтэй байгаа­гаа илэрхийл­сэн. Холбогдох арга хэм­жээнүүдийг амжилттай хэрэг­жүүлс­нээр ОУВС-гаас болон донор орнуудаас нэмэлт санхүүжилт татах нөхцөл бүрдэнэ.  ОУВС-гийн хөтөл­бөрийн хүрээнд олгогдох зарим санхүүжилт саатсан хэдий ч гадаад валютын улсын нөөцийн хэмжээ үргэлжлэн өслөө. Хэдийгээр гадаад валютын улсын нөөц нэмэгдэж буй хэдий ч Монгол Улсын гадаад санхүүжилттэй холбоотой эмзэг байдал буураагүй байна. Урсгал тэнцлийн өндөр алдагдал, цэвэр гадаад өрийн дарамт өндөр, гадаад өр төлбөрөөс хамааралтай байдал нэмэгдсэн зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэл, хандлагад нөлөөлөх эрсдэлтэй юм. Мөн түүхий эдийн экспортод төвлөрсөн эдийн засгийн хязгаарлагдмал суурь, экспортын голлох ганц зах зээлтэй  байдал нь гадаад орчны шокод эмзэг байдлыг бий болгож зээлжих зэрэглэл нэмэгдэх боломжийг хязгаарлажээ. Фитч агентлагийн төсөөл­лөөр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2019 онд долоон хувь, 2020 онд зургаан  хувь байхаар байна.

Банкны салбарт үргэлжлүүлэн хийгдэж буй активын чанарын үнэлгээний үр дүнд зарим банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр эсвэл татан буулгаж ч болзошгүй. Гэвч Фитч агентлагаас энэ нь эцсийн дүндээ банкны системийг бэхжүүлэх ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн чухал зорилт гэж үзэв.  Системийн ач холбогдолтой банкуудын өөрийн хөрөнгийн дутагд­лыг хангахад төрөөс санхүү­жүү­лэх боломжтой ч энэ нь активын чанарын өмнөх үнэл­гээгээр ДНБ-ий 1.9 хувийн өөрийн хөрөнгийн дутагдалтайг мэдээлэх үеийн тус агентлагийн зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлнө гэж үзэхгүй байна. Бүтцийн хүчин зүйлс, тухайлбал нэг хүнд ногдох ДНБ, засаглалын шалгуур үзүүлэлтүүд, бизнес эрхлэхэд таатай байдлын онооны хувьд “B” зээлжих зэрэглэл бүхий орнуудтай харьцуулахад өндөр үнэлгээ авсан бөгөөд эдгээр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд ихээхэн дэмжлэг үзүүлж байна гэж тус агентлаг дурджээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(66.181.161.38) 2019 оны 08 сарын 03

urund orohoos yahav dee. mungiig hudulguj baij urjdeg. getel odoo heden luivarchid n darchihaar ymar ym n usuhuv dee. luivarchdiin mungiig ymar ch hamaagui argaar ergeltend oruul

0  |  0
Пүүжий (203.91.115.46) 2019 оны 07 сарын 24

Ухах тусам өрөнд ордог ОТ-н гэрээг зогсоо? ОТ-д 400 тэр бум долларын баялаг байгаа? Үүнийг бид олон улсад нээлттэй тендэр зарлаж зар бүгдийг нь тэгэхэд 60-90 тэр бум доллар болно. Түүний 30 тэр бумаарнь Монголын бүх өрийг тэглээ? Бас ард иргэдийн банкны бүр өрийг дарсан ч хүрнэ. Үлдсэнийг нь Ард түмэндээ хишиг хүртээ? Бас баялагийн сан байгуул Үлдсэн 30 тэр бумыг нь УБ хотын метро, Эгийн голын УЦС, Алтанбулагаас Замын Үд-ийн хурдны авто зам, Сү Бичигтээс хөндлөнгөөрөө Бө Цагааннуур хүртэлх 1600 км төмөр зам зэрэг томоохон төсөлд зарцуул тэгээд болоо?

0  |  0
иргэн(202.126.89.52) 2019 оны 07 сарын 21

Фитч агентлагийн бариад ёстой худлаа авч өглөө.”Фитчийн суурь төсөөллөөр 2019 оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч буурах” гэжээ. ОУ-ын байгууллага битгий хэл 1-р ангийн хүүхэд ч энэнд итгэх үү ааа. худ зүйлд хэмжээ дамжаа хэрэгтэй. хэл мэдэхгүй бол битгий орчуулга энэ тэр гэж толь бичиг барь ааа

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top