Монголын Жюү жицү бөхийн холбоонд БАЯР ХҮРГЭЕ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 21

Жюү жицү бөхийн дөрөв дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон “Азийн хүүхдүүд 2020” наадмын тест эвэнт Улаанбаатар хотноо 2019.07.17-20-ны өдрүүдэд маш амжилттай болж, өндөрлөлөө.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин жюү жицүгийн Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулсан юм.

Насанд хүрэгчдийн азийн аварга шалгаруулах тэмцээнийг нэгдсэн дүнгээр Тайландын улсын баг тамирид 22 алт, 16 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Харин Казахстан улсын баг долоон алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медальтайгаар удаалж байна. Монголын баг тамирчид зургаан алт, есөн мөнгө, 15 хүрэл медальтайгаар гутгаар байранд эрэмбэлэгдлээ. Мөн АНЭУ, Солонгос улсын баг тамирчид медаль авсан тоогоор эхний таван байранд бичигдэв. Түүнчлэн 24 улс энэхүү тэмцээнд оролцсоноос 16 улс ямар нэгэн медаль хүртсэн амжилт гаргажээ. 

Харин “Азийн хүүхдүүд 2020” наадмын тест эвэнтэд долоон орны 80 гаруй тамирчин хөвгүүдийн долоо, охидын зургаан жинд өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм. Үүнээс Монголын баг тамирчид есөн алт, найман мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг тэргүүллээ. Харин хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медалиар ОХУ, нэг алтан медалиар Казахстан улсын баг тамирчид удаах байруудад эрэмбэлэгдлээ. 

Монголын Жюү жицү бөхийн холбоо, тус тэмцээнийг зохион байгуулахад оролцсон нийт баг, ивээн тэтгэсэн алтан түнш “G-Mobile”, мөнгөн түнш “Эвсэг кашмер”, “Шунхлай групп”, “Тэрэлж цэвэр ус”, “Active” спортын ус, “Үнэт продакшн”, “MBG” Гэмтэл согогийн 3-р шатлалын эмнэлэг, “Мөнгөн бороо” эмнэлэгт зэрэг нийт багт баяр хүргэе. Учир нь тэмцээний заал, танхим, зохион байгуулалт, спортын соёл, менежмент, хэвлэл, сурталчилгаа гээд Олон улсын тэмцээнийг монголчууд өндөр хэмжээнд зохион байгуулж болдгийг энэ тэмцээний баг, Монголын Жюү жицү бөхийн холбоо харуулж чадлаа. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.182) 2019 оны 07 сарын 27

jiu jiutsu.g bid mongold jinhen utgaar ni hiiseniig tiv delhiin tamirchid uzlee harlaa bayrlalaa mongoliin jiu jiutsu holboo

1  |  0
Top