АНХААР: ТҮЦ-д худалдаж байсан хавчуургатай талхнаас 22 хүн хордож, эмнэлэгт хүргэгджээ

Б.Цог | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

2019 оны 07 дугаар сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдож, одоогийн байдлаар гурван хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ.

Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т, Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоолоо. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.
 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top