“Монголын их хаад” НҮБ-ын төв байранд морилжээ 

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Зураач Сугарын Чулуунбаатарын 17 хаад, 2 хатдаас бүрдсэн "Монголын их хаад” бие даасан үзэсгэлэн НҮБ-ын төв байранд гарч байна.

800 гаруй жилийн тэртээ эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс “Нийгмийн хөгжлийн янз бүрийн байгуулалттай их бага улс орнууд шашин шүтлэг үл хамааран өнө мөнхөд энх тайвнаар зэрэгцэн орших" гэх бодлогыг эрхэм болгож байсан нь өнөө цагийн дэлхийн улс орнуудыг нэгтгэсэн НҮБ-ын бодлоготой таарч байгаа учир “Монголын их хаад" үзэсгэлэнг гаргах үндсэн шалтгаан болсон хэмээн эх сурвалж дурьджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн орлогч П. Баасанхүү, зураач С.Чулуунбаатар, урлаг судлаач О.Сосор, найруулагч, продюсер Н.Болд, Сэнгэраги арт галерейн гүйцэтгэх захирал Б.Янжин нар нээж үг хэлж НҮБ-ын төлөөлөл, Канад, Ямайка, Андорра, Бразил, Тринидад-Тобаго, ОХУ, Уругвай, БНЭУ, Япон, БНХАУ, Куба, Сингапур, Пакистан, Парагвай улсын Элчин сайд, байнгын төлөөлөгчид болон бусад дипломат ажилтнууд үзэж сонирхлоо.

Мөн АНУ-д ажиллаж амьдардаг Монголчууд (Нью-Йорк, Вашингтон, Индиана, Нью-Жерси, Чикаго, Лос-Анжелос) тус үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Зураач С.Чулуунбаатар: "Улс орнууд хоорондоо хэл соёл хамаарахгүй харилцан ойлголцож болдог хэл бол уран зураг билээ. Тийм учраас уран зургийн хэлээр Монгол Улсынхаа өв соёл их хаадыг танилцуулах хүндтэй түүхэн үүргийг уран бүтээлээрээ дэлгэн үзүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

“Монголын их хаад” үзэсгэлэн НҮБ-ийн төв байранд 7 хоног үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top