Ерөнхий сайд ёкозүна Какүрюү М.Анандад баяр хүргэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Анандыг өнөөдөр /2019.07.25/ хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав.

Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд, улам их амжилт гаргахыг ерөөн, тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив.

Мэргэжлийн сүмо бөхийн аварга Какурюү М.Ананд Япон Улсын нийслэл Токио хотноо болсон мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын Нагоя башёгийн дээд зиндаанд барилдан түрүүлж, мэргэжлийн сүмод зургаа дахь түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом авсан юм.

Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд төрсөн нутаг Сүхбаатар аймагт амрахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top