ӨМНӨГОВЬ: "Говь шанх"-ын наадам үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо өнөөдөр /2019.07.28/ говийн бүсийн "Говь шанх-2019" хурдан морины уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү наадмыг 1999 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн наадмыг "Ажнай" карпорацийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа аж.

Говийн бүсийн "Говь шанх-2019" наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон зохион байгуулалтад нь сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байна. Тэд энэ жилийн "Говь шанх"-ын наадмыг орон нутагт жишиг болохоор өндөр түвшинд зохион байгуулж байна гэдгийг тодотгож байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсыг гадна орон, ялангуяа жуулчдад сурталчилсан сайхан наадам болж байна зэргээр ам сайтай байгаа аж. 

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт /2019.07.26/ эхэлсэн энэхүү "Говь шанх-2019" говийн бүсийн хурдан морины уралдааны эрлийз дээд насанд найман аймгийн 42 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Алдарт уяач Г.Батболдын хул морь түрүүлсэн байна. Харин азарга, их насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан морь, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хонгор азарга түрүүлж барианы зурхайд иржээ. 

Мөн соёолон насны уралдаанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Түвшинбаатарын цоохор соёолон түрүүлж наадамчин олныг баясгаад байна. 

Говь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top