ОЛОН ӨНГӨ: Хөөрхий Сараа

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

-Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгээс санаа авав-

Улаанбаатарын үдэш хөл хөдөлгөөнтэй. Цагийн байдал бүгчим халуун. Дөрвөн зүг уйтгартай. Архиндаа халамцсан хөлчүүрхэгсэд энд тэндгүй холхино. Хотын гудамжаар цэнгээний газар, зочид буудал үргэлжилжээ. Үүгээр түүгээр эргүүлийн машин дохиогоо хангинуулан эргэлдэнэ. 

Зурагтаа асаах нь ээ эрхэм гишүүд хэлхэлдэж суучаад хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх баахан хууль батална. Сурвалжлагч бүсгүй хэлээ хазлан нийгмийн амьдралыг мэдээлэх ба хөлд орохоос аваад өнөөдрийг хүртэл гэр хорооллыг түшиж, намаг шиг амьдралаас сугаран холдож чадаагүй Сараагийн амьдрал савлагаа донсолгоо ихтэй дайвалзана. Ганц Сараа ч биш эдийн засгийн хямрал энд тэндгүй газар аваад, үнэ ханш огцом өсөж жирийн иргэдийн сэтгэлийг бухимдуулна.

Дэрвийсэн сормуус, саа гялтганасан уруул, чихний омгоо сэтлэхээр цагираг ээмэг, дэргэдэх хүн нь нүд унагам задгай энгэртэй даашинз. Энэ бол Сараа.

Хорь ч хүрээгүй нялх амьтан гэж бодохоор юутай хайран. Тэрбээр өндөр өсгийт дээр дэнжигнэсээр нэгэн зочид буудлын урд дахь сандал дээр суув. Олон жижиг тоглоом зүүж санжигнуулсан гар утсаараа хэнтэй ч юм задгай яриа өрнүүлэхийн завсар янжуур татан утаа суунаглуулах ажээ. 

Төд удалгүй татсан тамхиныхаа ишийг шип хийтэл хогийн сав руу шидээд, жижиг толь гарган нүүрээ хальт тольдчихоод босон харайж дэгэн догон алхсаар нэгэн машинд орж суув. Халтар хэдэн төгрөгийн төлөө эрээ цээргүй аашилж суугаагаа мэдэхийн дээдээр мэдэвч үүнээс өөр мөнгө олох арга байхгүй мэт бодож, эдгээр зочид буудал, цэнгээний газраас өөр орох газаргүй юм шиг сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө гэртээ орж, өдөр нь буудуулсан чоно шиг унтаж, оройхон гарч шөнөжин наргисаар залуу насыг барна.

Хэсэг хугацааны дараа тав хийтэл машинаас бууж, тас хийтэл хаалгыг нь хаагаад өөрөөсөө нэлээд ахимаг насны эрийг дагасаар ойролцоох нэгэн зочид буудлын дугаар номерын өрөөнд цаг авав. Эхлээд дэвэн дэлхийн сонин хачин хуучилж нэг шил юм задална. 

Удалгүй “Улаанбаатарт энэ өвөл хүйтний эрч чангарч хасах дөчин хэмд хүрнэ. Томхон хөнжил, бүдүүн найз залуутай болохгүй бол тэр хүйтэнд хэцүүдэх гэнэ” гэх мэтээр аальгүйтэж нэмж хэдэн лааз шар айраг хүртэнэ. Ингээд үүр цайхаас өмнө гэртээ харих гэж найгалзан алхах боловч замдаа кадр тасарч... Хэсэг хугацааны дараа хаанаас ч юм өөрийгөө гэнэт олж авна. Сандарч ичсэндээ архиныхаа үнэрийг тээр хол чулуудчихаад ухасхийн босож гэрийн зүг тожигнотол гүйнэ. 

Нас хэдий дөнгөж арван найм хүрч яваа ч өнчин гурван дүүгээ тэжээхийн тулд бие сэтгэлээ худалдсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд өөрөөр амьдрахыг үл хүснэм. Өөрийнхөө амьдралыг ийм эмгэнэлтэй байгааг Сараа охин яахан мэднэ. 

Шөнийн жаргал, үүрдийн аз жаргалаа бас яахан даруй ялгана. Дэмий л дадсан байдалд автагдаж зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод олон охид Сараагийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч юу болохыг үзэлгүй, мэдэлгүй шөнийн жаргал, улаан мөнгөнд хорхойтсоор хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий... 

Гэтэл Сараад хаврын нэг өдөр хайр ирэх нь тэрээ. Гялалзсан хар нүд, шооч наргиантай хэр нь нэг л дотно инээмсэглэл... Тэр өдрөөс эхлэн хөмөрсөн тогоо шиг амьдралд нь гэрэл тусч, харцанд нь хайр гэрэлтэх болов.

Хөмөрсөн тогоонд наран илчээ тусгав. Хөөрхий Сараа үргэлж инээмсэглэх болов. Өндөр өсгий, богино банзлаасаа татгалзлаа. Өнөөдрөөс эхлэн тэр өөрөөр амьдрахаар шийджээ. Юутай их завшаан, юутай их баяр.

Б.ТӨРБАТ /Улаанбаатар хот. 2010 он/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top