Олны анхаарал татсан хэргүүд шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэв?

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Р.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа.

Мөн шүүхийн мэргэжилтнүүд олны анхаарал татсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг “Ш.Батхүү, Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ц.Ганзориг, Г.Амарбат, Э.Сүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны гуравдугаар сайран 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн” гэв.

Мөн тэрбээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагч асан Б.Балдан-Очир, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч Г.Сугар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн тухай шийдвэрийг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Б.Батсайханыг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр торгох ялаар,  Б.Балдан-Очирыг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Сугарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал харьяа дүүргийн хамрах хүрээнд олны анхаарлыг татсан хэргийн талаар мэдээлэв.

З.Баяржаргал "Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт буруутайд тооцсон. Мөн Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 472 сая төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Б.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5 жилийн ялыг нэмж олгов. Шүүгдэгч нарын уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн” гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top