Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд явагдах гэж байна.
Энэ сарын 29-ны өдөр буюу өчигдөр “Танкийн биатлон”тэмцээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугаллаа. Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийн өнгө гараагаа тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав. Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалсан юм. Өмнөх 2 жилд ч мөн улаан өнгийн танкийг сугалан уралдаж, чамгүй сайн амжилт үзүүлж байсан. Тийнхүү манай танкчид ирэх 8 дугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд 3 дугаар гараанд Сири, Венесуель, Казахстан улсын танкчидтай уралдахаар боллоо.
Эл өдөр оролцогч орны танкчид тэмцээний газар орон болох "Алабино"-д танкуудаа хүлээн авч үзлэг оношилгоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )