БТСГ: Шимада хоттой гурван талт гэрээ үзэглэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар "Токио-2020" хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизуока мужийн гурван хоттой “Токио-2020” олимп, паралимпийн наадмыг дуустал хамтран ажиллана. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авч, спортын холбоодуудтай гэрээ байгуулах, Үндэсний шигшээ багийг хамтарсан бэлтгэлд хамруулах зэрэг олон ажлууд хийгдэж байна.

Энэ удаад Шизуока мужийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр буюу Шимада, Изүноки, Яйкү хотын захирагч тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч манай улсад ирлээ.

Айлчлалын эхний өдөр, эхний уулзалтыг БТСГ-ын удирдлагууд болон Монголын олимпийн боксын холбоо Шимада хотын төлөөлөгчидтэй хийлээ. Уулзалтанд Шимада хотын захирагч Сомэяа Кинүё, Шимада хотын захиргааны Олимп,паралимпийн хэлтсийн дарга Мацүмото Чихоми, Шимада хотын захиргааны Боловсролын газрын хэлтсийн дарга Сүзүки Тошихиро, Шимада хотын захиргааны Гадаад харилцааны хэлстийн дарга Оотани Тэцүяа, Шимадахотын захиргааны Нарийн бичгийн хэлтсийн дарга Кодама Күнихико, Шимадахотын захиргааны Олимп, паралимпийн хэлтсийн мэргэжилтэн Үэхара Марико нар байлаа.

Монголын талаас ЗГХА-БТСГ-ын төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батцэрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ уулзалтаар Монголын боксын шигшээ багийн тамирчдын олимпийн өмнөх бэлтгэлийг Шимада хотод зохион байгуулах ажлыг ярилцан тохиролцож, гурван талт гэрээг үзэглэлээ. Ингэснээр Монголын боксын шигшээ багийн тамирчид ирэх онд дахин Япон улсад бэлтгэл хийх нөхцөл бүрдэж байна.

БТСГ, Шимада хоттой хамтын ажиллагааны эхлэл 2017 онд тавигдаж, Монголын боксын шигшээ багийн тамирчид өнгөрсөн 2018 онд 2 ч удаа Шимада хотод хамтарсан бэлтгэлд гарсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 7 дугаар сард Монголын боксын залуучуудын шигшээ баг 14 хоногийн бэлтгэлд хамрагдаад ирсэн. Уулзалтын үеэр Монголын боксын холбоо хамтарсан бэлтгэлийн үр өгөөж өндөр байсныг онцолж, үр дүнгийн тайлангаа тавьсан юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top