Европын язгуур урлагийн их наадамд анх удаа Монгол уран бүтээлчид оролцжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 10

1951 оноос хойш зохиогдож буй Дэлхийн язгуур урлагийн их наадам Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ноёштадт Холштайн хотод өнгөрсөн долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 03-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Дэлхийн 11 орны 14 хамтлаг, 400 гаруй уран бүтээлчид оролцсон тус наадамд манай улс анх удаагаа оролцож этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээн ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, Г.Баяртай, Ё.Юндэндорж нар, биелээч Ц.Наранчимэг, өвлөн уламжлагч П.Болормаа, Монгол улсын үндэсний урлагийн их театрын бүжигчид болох Х.Одхүү, Б.Болор зэрэг уран бүтээлчид эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. 

Үзэгчид дан ганц монгол ардын дуу хөгжимд баясахаас гадна монгол ардын бүжиг, бий биелгээ сонирхлыг ихээхэн татаж, анхаарлын төвд байсан юм. Өдгөө 83 настай Захчины алдарт биелээч Ш.Отгонбаяр тэргүүтэй соёлын биет бус өв тээгчид болох биелээч Ё.Юндэндорж, Г.Баяртай нар Дөрвөд, Торгууд, Баяд биелгээгээ биелэв. Анхны 100 өвлөн уламжлагчдын нэг эдгээр уран бүтээлчид нь ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагчид аж. Бөртэ хамтлагийн хөөмийн дөрвөн төрлийн аялгуун дээр бүжигчин Х.Одхүү, Б.Болор нар хамтран “Би бие чинь болъё” ардын бүжгээ бүжиж, бүжигчин Х.Одхүү “Жалам хар” бүжгийг этно жазз хөгжмийн шинэ найруулган дээр бүжин сонирхуулж, Б.Болор гоцлон “Аягат”, “Дүүлэн нис”-ийг бүжсэн нь олны таашаалд ихээхэн хүржээ. 

Тоглолтын хаалтын ажиллагааг 3000 гаруй үзэгчид үзсэн байна. НҮТББ-ын Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй соёл урлагийн хэд хэдэн төслүүдийн нэг нь Монголын язгуур урлаг, өв соёлыг олон улсад өргөнөөр сурталчлан таниулах зорилготойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран тус язгуур урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагч “Еuropäisches folklore festival Neustadt in Holstein”-тай хамтын ажиллагааны хүрээнд Монголын язгуур урлагийн шилдэг сор болсон уран бүтээлчдийн гурван үеийн төлөөллийг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр дэмжин энэхүү нэр хүндтэй наадамд оролцуулсан байна.

Тус наадамд нийт 400 гаруй олон улсын уран бүтээлчид оролцож, 50.000 гаруй хүмүүс үзэж сонирхжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top