Иргэд ББСБ-д 1.1 их наяд төгрөгийн зээлтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ өнөөдөр /2019.08.13/ 2019 оны хоёрдугаар улирлын үзүүлэлт болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаа нь иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой бөгөөд санамсаргүй түүврийн аргаар хийж, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулдаг гэж “Эн Ах Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг ярив.


ИРГЭДИЙН 11.9 ХУВЬ НЬ ДААТГАЛД ИТГЭДЭГГҮЙ

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ 354.7 тэрбум төгрөгт хүрчээ. Тус салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна. Харин нийт хураамжийн орлого өмнөх оны хоёрдугаар улирлаас 23.7 хувиар өсөж 104 тэрбум төгрөг болсон байна. Энэхүү өсөлтийн 99 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлогын өсөлт бүрдүүлсэн байна гэж СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хэллээ.

Харин Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаагаар 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын ямар нэг даатгалтай, 64.9 хувь нь даатгалгүй байна.

Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас даатгалд хамрагдаагүй байна. Харин даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 11.7 хувь нь даатгалд хамрагдаагүй гэсэн бол 11.9 хувь нь даатгалд итгэдэггүй гэжээ.


ББСБ-ЫН 81.4 ХУВЬ НЬ 438 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 389.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тайлант улиралд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 328.4 тэрбум төгрөгөөр буюу 42.7 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрчээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийн чанараар ангилан харвал 87.2 хувийг хэвийн зээл, 3.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.9 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Харин  чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 10.4 байсан бол тайлант улиралд уг үзүүлэлт 1.5 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирчээ.

Мөн зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 360.3 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс  1.6 дахин нэмэгдэж 2.3 саяд хүрсэн байна.

Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтийн өсөлтөөс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын тоо өссөөр байгаатай холбоотой юм. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт орлого 164.7 тэрбум төгрөгт, нийт ашиг 64.3 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 81.4 хувь нь 438.0 тэрбум төгрөгийн ашигтай, 16.5 хувь нь 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Харин санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаагаар иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Үүнээс 28.3 хувь нь арилжааны банкнаас, 8.7 хувь нь ББСБ-аас, 8.7 хувь нь ломбард, 7.0 хувь нь хувь хүнээс зээл авчээ.


НИЙТ ХАДГАЛАМЖИЙН 97.6 ХУВИЙГ ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Манай улсад Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй 275 хоршоо байгаагаас 174 нь Улаанбаатар хотод, 101 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ 210.6 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламж, зээлийн хоршоодын 90.5 хувь буюу 249 нь 148.4 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 9.5 хувь буюу 26 нь огт хадгаламж татаагүй байна.

Нийт хадгаламжийн 97.6 хувь нь хугацаатай хадгаламж бусад 2.4 хувь нь хугацаагүй хадгаламж эзэлж байна.

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар салбарын нийт цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт орлого 24.4 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар өссөн. Харин тайлант улиралд 4.7 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж нийт 151.9 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй байна. Нийт зээл өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өсөж 156.5 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 4.1 хувь буюу 6.4 тэрбум төгрөг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top