ШҮҮХ: Б.Хурц нарын шүүх хурал маргааш хүртэл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.14/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн прокурорын газраас 2019 оны зургаадугаар сарын 25-ны өдөр маш нууцын зэрэглэлтэй нэр бүхий есөн хүнд холбогдох хэрэг Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд ирсэн. Тус хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын явцын талаар танилцуулбал, шүүгдэгч, хохирогч нараас тайлбар, мэдүүлэг авч дууссан. Өнөөдөр гэрч нараас мэдүүлэг авч байна. Шүүх хурал маргааш хүртэл хуралдах төлөвтэй байна. Шүүх хуралдаанд 49 оролцогч оролцож байна. Тус хэрэг нь Төрийн болон албаны тухай хуулиар Маш нууцын зэрэглэлтэй байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна. Маш нууцын хугацаа 20 жил байдаг.

Өчигдөр хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар бие нь гайгүй байна. Шүүх хурлыг хамгийн том танхимдаа хийж байна. Шүүх танхим нь 54 метр.кв талбайтай, гурван цонхтой. Тогтмол цонхыг нээж, хааж аль болох агаартай байлгах талаас нь анхаарч байгаа” гэлээ.

Шүүхийн ажилтны мэдэгдсэнээр шүүх хурал өнөөдөр дуусахгүй, маргааш үргэлжилнэ гэдэг мэдээллийг өглөө.

Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна. Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top