Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбоотой замын хөдөлгөөний ачаалал нийслэлийн хэмжээнд нэмэгдэж байна. Харин энэхүү ачаалалтай хугацаанд Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчийн гарц арга хэмжээг зохион байгуулж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна.
Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигч ба гарц арга хэмжээг энэ сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл сарын хугацаанд зохион байгуулж байна. Томоохон зах худалдааны төвүүдийн ачаалал энэ хугацаанд хамгийн их нэмэгдэж ойр орчимд нь явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарч эрүүл мэнд амь насаараа ч хохирох эрсдэл буурахгүй байгаа учир энэхүү арга хэмээг зохион байгуулж байгаа юм.
Тус дүүргийн ЗЦХ-ийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Г.Отгонтамир энэ талаар "Томоохон зах худалдааны төвийн ойролцоо замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорьж байгаа иргэдийн урсгал ч нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан “Явган зорчигч ба гарц” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Баянгол дүүргийн хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 2424 зам тээврийн осол бүртгэгдэж ослын улмаас 206 иргэн бэртэж гэмтжээ. Эдгээр иргэдийн 70 орчим хувь нь явган зорчигч замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд орсон байдаг. Мөн дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай статистик байгаа. Тэгэхээр иргэд гарц, гарамтай хэсгээр гарч байгаа хэрнээ автомашинд мөргүүлж, шүргүүлж байгаа тохиолдол нилээд байна. Явган зорчигч бэртэж гэмтэж байгаа гол шалтгаан нь хөдөлгөөнд оролцогч жолооч нар гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөхгүй байх, гэрэл дохио зөрчин хөдөлгөөнд оролцох, анхаарал болгоомж сул байгаатай холбоотой. Тиймээс энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд яг одоо Баянгол дүүргийн томоохон зах худалдааны төвүүд дээр, бусад хөл хөдөлгөөн ихтэй газруудад дүүргийн замын цагдаагийн алба хаагчидтайгаа хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтынхаа хүрээнд тухайн гарцаар гарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг ханган жолооч нарын анхаарлыг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гарцаар гарахдаа баруун гарын дүрэм барих асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна,ногоон гэрлээр гарах үед зам дээр мөргөлдөж эсхүл тойрч гарч байна