Монгол Улсын залуу аварга Э.Оюунболдыг тойрсон допингийг маргаан үргэлжилсээр байна. Түүнээс бусад нь цахим сүлжээнд ямар нэгэн байдлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн хэмээн Э.Оюунболдыг буруутгасан. Олны хэл амны бай болсон ч чимээгүй явсан Э.Оюунболд аварга өнгөрөгч бямба гарагт өөрийн цахим хуудсаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Ямартай ч допингийн шинжилгээнд “бүдэрсэн” гэдэг хариу иржээ. Хамгийн гол нь өөрөө үүнийг эрс няцаасан юм. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багшийнхаа хэлснээр “Архи, допинг хоёроос хол явдаг” гэдгийг онцгойлон хэлнэ лээ. Энэ удаагийн допингийн шинжилгээ эерэг буюу өөрийг нь допинг хэрэглэсэн хэмээн гарсанд итгэхгүй байгаа гэдгээ хэлсэн. Учир юу гэвээс “Түүний шээсийг БНСУ руу лабораторид явуулах замд нь сольсон” гэдэгт бат итгэлтэй яваа тул энэ үйдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж, “Б” сорьцыг гуравдагч оронд шинжлүүлэх, ДНК-ийн шинжилгээ өгнө гэдгээ мэдэгдсэн.
Үндэсний их баяр наадмын тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шээсний шинжилгээ авч дээжийг нь БНСУ дахь лаборатори руу явуулдаг. Допингийн шинжилгээнд “луйвар” орох магадлал бий гэдгийг бөхийн хүрээнийхэн ярьдаг нь үнэн. Нэг үгээр хэлбэл түүнийг допинг хэрэглэсэн гэж дайрч буй хийгээд хамгаалж буй хоёр тал бий. Энэ хоёр тал нь мэдээж үндэсний бөхийн холбооны хоёр хуваагдалтай холбоотой. Үндэсний бөхийн нэг холбоог нь Хэнтийн аварга буюу УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийнх гэдэг. Тэгвэл нөгөө холбоог нь Увсын аварга буюу Х.Баянмөнх манлайлдаг, тэргүүн нь “Гацуурт”-ын Л.Чинбат. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн шавь түрүүлэн “аварга” цол хүртчихээр нөгөө холбоо нь арвалздаг юм байгаа биз дээ. Гэхдээ энэ удаа зүгээр арвалзчихсан юм биш. Түрүү бөх рүүгээ дайрч арвалзлаа.
Учир юу гэвээс тэнд төрөөгүй ч “Хэнтий” аймгийн шошготой Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан Б.Чойжилсүрэн гишүүний хамаарал бүхий “Сауд гоби коал транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Зээл хуй авч байгаад хөрөнгөө оруулсан Б.Чойжилсүрэн хэдийгээр хууль зөрчсөн ч гэсэн уурладаг юм байгаа биз дээ. Уурлахаараа өөрийн гарт дайралдсан бүхнээрээ савж таарна биз дээ. Энэ саваа нь “хөөрхий” Э.Оюунболд болчихсон байж мэдэхээр байна. Ингэж л зохион байгуулалттай дайралтууд түүн рүү шивээ мэт шигдэж эхэлсэн юм. Үндэсний бөхийг халх, дөрвөдөөр нь хуваагаад олон жил болсон. Гэхдээ үүнийг Увсынхан, бусад аймгийнхан, ард түмэн хуваагаад байдаг юм биш. Улстөрчдийн шидсэн чулуу ард түмнийг ингэж талцуулаад байдаг юм аа. Үүнийг нь ард түмэн, Увс болон бусад аймаг гэж талцаад байгаа юм аа. У.Хүрэлсүхийн нэр хүндийг унагах хамгийн ойрын жишээ Э.Оюунболд тул дургүй хүнээ “хужаа” гэж цоллож байгаад намнадаг шиг “допинг” гэж намнах ажиллагаа өндрөө авч буй нь тэр. Лицензээ хураалгасан ууртай хүн нэг бөхийг допингтой болгож харагдуулах хурууны үзүүрээр хийх төдий зүйл. Товчхондоо Б.Чойжилсүрэн У.Хүрэлсүхээс хариугаа авч байгаа нь тэр. Допингоор Хүрэлсүхийг дарах гэсэн оролдлого гэж харахад буруутах юм ч алга.
Допингийн шинжилгээг кодолж авдаг гэдэг. Кодтой байснаараа энэ шударга явагдаж байгаа гэсэн үг бас биш. Тэр кодыг шинжилгээ авч байгаа эмч тавьдаг юм байгаа биз дээ. Тэр эмчтэй учраа олчиход огт болохгүй юм байхгүй. Допингийн шинжилгээ авсан Допингийн эсрэг үндэсний төвийн нэгэн эрхэм БНСУ руу ганцаараа сорьцыг авч явсан талаар эх сурвалжууд ярьж байна. Ганцаараа хүн харин ч гандан буурахгүй дуртай сорьцоо солиод, дургүй бөхөө онхолдуулж болно биз дээ. Хэдэн ч хүний шинжилгээний хариуг өөрийн хүссэнээрээ өөрчилж чадна гэдгийг бөхийн хүрээнийхэн баталдаг. Наадмын өмнө Допингийн эсрэг үндэсний төвийн нэр бүхий хүнтэй уулзаж ихээхэн хэмжээний мөнгө өгч допингоо даруулдаг гэх яриа бий. Одоо тэр эрхэм Зайсанд тансаг зэрэглэлийн орон сууц, хамгийн сүүлийн үеийн машиныг унадаг гэдгийг спортынхон андахгүй мэддэг болсон байна лээ. Тиймээс допинг хэрэглэсэн гэгдэж буй хоёр бөх нэр бүхий хүнийг АТГ-т өгч шалгуулахаар болж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байлаа.
Э.Оюунболд аварга мэдэгдэл хийхдээ допингийн энэ асуудал гэмт хэрэг хэмээн мэдэгдсэн. Тиймээс хуулийн байгууллага шалгаж эхлэх байх. “Сауд гоби коал транс”-ын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон Ерөнхий сайдын топ шийдвэрийн өөдөөс ийм массыг давалгаалуулах поп үйлдэл гаргаж байх юм. Уул уурхайн хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй гэсэн төрийн шийдвэрт допингоор хариу барих ухаан байна гэдэг эмгэнэл. Бөх бол төр биш. Төр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын шийдвэр нь хууль эрхзүйн хэм хэмжээнд болон түүгээр дэмжигдсэн ёс суртахууны хэм хэмжээнд тулгуурлан нийгмийн хэв ёсыг сахин хамгаалсан гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Бүгдийг улс төртэй холбон хутгаж жонхууруулах тактик улстөрчдөөс л гардаг. Улстөрчдийн увайгүй үйлдэл ард түмний хүсэн хүлээдэг өв соёлын дархлаа болсон эрийн гурван наадмын үндэсний бөхөд нь шинэ вирүс болон орж ирлээ. Бизнес бүлэглэлийн мөнхийн эрх ашиг бизнестээ л үргэлжилэх ёстой болохоос улс төртэй хутгалдаж сүүлдээ үндэсний бөх рүүгээ ордог увайгүй байдлаар үргэлжилж болохгүй. Э.Оюунболд аварга ч гэсэн “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо.
Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй” гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл залуу аварга энэ сарын 16-ны өдөр Баяр наадмыг зохион байгуулах комисст гомдол гаргахдаа “Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг, допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг хүн. Харин сүүлийн жилүүдэд Монгол бөхийн спортод допингийн төрлийн бодисын хэрэглээ байгаа, мөн допингийн төрлийн бодис хэрэглэж бөхийн цол хүртэж байгаа асуудлаар маргаан мэтгэлцээн багагүй өрнөж, Улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд цаашилбал түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допинг илэрсэн боловч Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд улс төрийн албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будлиантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүд, бөх сонирхогч, дэмжигч, бөхийн хүрээнийхэнд түгээмэл байдаг. Зарим бөхөөс допинг илэрсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй, шинжилгээний хариуг зарлахгүй байх, шинжилгээний дүнг зориудаар өөрчлөх, сорьцыг будилаантуулах, солих, өөр хүний сорьцыг шинжилгээнд өгөх, зарим сорьцыг итгэмжлэгдсэн лабораторид явуулахгүй үлдээх зэрэг тохиолдол бий” гэдгийг дурдсан байна лээ.
Манай улстөрчид бөх, хурдан мориор гангарах дуртай. Ялангуяа Б.Чойжилсүрэнгийн тухайд нутгийнхаа бөхчүүдийн байр, машины асуудлыг шийддэг цор ганц ивээн тэтгэгч гэгддэг. Ямартай ч тэрбээр “Сауд гоби коал транс”-ын өөрийн эрх ашгийг үндэсний бөхөд нялзааж чадсанаараа нутгийнхаа бөхчүүдэд дэмжлэг өгч байна гэдгийг цаагуур чинь хэдийнэ яриад эхэлсэн байна шүү.
Ингэж ард түмнээ талцуулахгүй ээ, Чойжоо гишүүнээ.
Сэтгэгдэл ( 4 )
хэнч гэсэн би хэрэглээгүй гэж хэлж чадан тиим бол Б сорьц гэж байгаа шүү дээ
ЗА ЁСТОЙ ХУЦНА БИЗ.
Ene doing hemjee hyazgaaraasai halij bn daa. Muu muuhaigaa daldlah geheerei ym bolgoniig avch irj hamaatuulahaa bolih heregtei
ИРВЭСС ХАМГААЛАГЧ ХҮҮГ ЯАЛАА... ЮТҮРҮҮ БӨХИЙГ ДОПИНГТОЙ ХУТГАХ ЮУ Ч БИШ...