Ирэх жил зохион байгуулагдах гэж буй "Токио-2020" олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-ны өдрөөс наймдугаар сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохион байгуулагдана.
Тус олимпод Монгол Улс спортын 16 төрлөөр 160 тамирчин, дасгалжуулагч оролцохоор 150 бэлтгэл хангагчтай ажиллаж байна.
Өмнөх жилүүдэд баг тамирчдын өмссөн хувцас хэрэглэл ихээхэн шүүмжлэл дагуулж байсан. Харин ирэх олимпод оролцох Монголын тамирчдын өмсөх хувцсыг Монгол брэнд болох "Michel & Amazonka" хийхээр болжээ.
Загвар зохион бүтээгчдийн хувьд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, тус брэндийн гаргасан загвар бүхий спорт хувцас шилдгээр шалгарсан аж. Харин өдөр тутамдаа өмсөх спорт хувцсыг Япон Улсын "Мизүно" компанийн спорт хувцаснаас сонгохоор болсон байна.
"Michel & Amazonka"-гийн хувьд 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний шилдэг загварын агентлагийн нэг. Эгч, дүү дизайнерууд уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг "Haute couture" болон "Prèt-a-Porter" төрлөөр зохион бүтээж, үйлдвэрлэдэг. 2014 онд "Fashion Asia Awards"-аас шилдэг загвар зохион бүтээгчийн шагналыг авч байсан туршлагатай уран бүтээлчид аж.
Дэлхийн улс орнууд олимпын үеэр хувцас загвараар ч мөн өрсөлддөг. Энэ удаад сонгогдсон брэнд өвөрмөц шийдэл бүхий хувцас урлан гаргадгаараа алдартай. Тиймээс тамирчдын хувцас өмнөх жилүүдийнхээсээ илүү сонирхол татам байх нь дамжиггүй биз ээ.
Дашрамд дурдахад олимпын наадмын үеэр манай улсын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл, олимпын нээлт болон хаалтын аль нэг тоглолтод Монгол уран бүтээлчид оролцуулахаар салбар яамныхан холбогдох албаныхантай санал солилцоод ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )