Зураач В.Ундраагийн “БИД” гурав дахь бие даасан үзэсгэлэн өнөөдөр /2019.08.26/ "Norphei" арт галерейд нээгдэх гэж байна. “Бид оршин байж би оршино” үгээр үзэсгэлэнгээ тодотгож буй тэрбээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдаж буй байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насны гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг аж.
2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон В.Ундраа 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015” бие даасан үзэсгэлэнгээ тус тус гаргаж байсан. Түүний бүтээлүүд Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.
Мөн 2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэлийг бүтээснээс гадна “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцсон хүмүүнлэг уран бүтээлч билээ.
2018 онд "U Mandalа" номоо бүтээсэн бөгөөд өнөөдөр үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүн бүрт бэлэглэх аж.
Сэтгэгдэл ( 0 )