Бөхчүүдийг жудгаар биш ХУУЛИАР хүмүүжүүлэх цаг болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар бөхийн ертөнцөд өрнөж буй будилааныг цэгцлэх шаардлага тулгарлаа

Төрийн наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн, илрээгүй гэх маргаан сүүлийн 10 гаруй хоног олон нийтийн дунд эцэс төгсгөлгүй үргэлжлэв. Ерөөсөө допинг гэлтгүй начны найраа, даваа наймаалах аваа, өгөөний асуудал гээд Монгол бөхийг тойрсон ёс зүйгүй, шударга бус үйлдэл нь бөхдөө хайртай ард түмнийг бухимдуулж бас талцуулж байна. Бөхчүүдээс ёс зүй шаардах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, монгол бөхийн ертөнцөд хатуу дэг, хуулийн хэрэгжилт үгүйлэгдэж байна. Монгол Үндэсний бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, бөхчүүд нь допинг, начны найраатай хутгалдсан тэдэнд хатуугаар хэлбэл “төр төмөр нүүрээ” харуулах цаг иржээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо. Хуульд ямар өөрчлөлт оруулах, энэ нь гарц гаргалгаа болж чадах эсэхийг одоогоор тааварлахад эрт. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар бөхийн ертөнцөд өрнөж буй будилааныг цэгцлэх шаардлагатай биз ээ.

Үндэсний их баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, цолыг нь хураах хуулийн заалттай. Гэвч энэ заалт бүрэн төгөлдөр хэрэгжиж ирээгүй. Монголын Үндэсний бөхийн холбоо нь сэргээш хэрэглэсэн бөхийн эрхийг хугацаанаас нь өмнө нь сэргээчихдэг. Энэ жилийн хувьд гэхэд таван бөхийн эрхийг хугацаанаас нь өмнө бөхийн холбоо сэргээснийг аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд хүчтэй эсэргүүцсэний эцэст улсын баяр наадамд барилдуулалгүй өнгөрөөж чадсан. Тэгэхээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг хуульд заасанчлан хариуцлага хүлээлгэж, мөрдүүлдэг байх ёстой. Нөгөөтэйгүүр сэргээш хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хоёрхон жилээр хасаад өнгөрөх нь учир дутагдалтай билээ. Сэргээш хэрэглэж улсын цолонд хүрсэн бөхөд нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч компаниуд нь ланд машин, хэдэн өрөө байраар мялаах нь энүүхэнд. Тухайлбал, энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Э.Оюунболдод Их засаг их сургуулиас дөрвөн өрөө байр, "Хан хэнтий хөгжил" сангаас хоёр өрөө байр, ивээн тэтгэгч компани болон “Моннис моторс” ХХК тус бүр ланд автомашинаар шагнаж байлаа. Гэвч аваргаас допинг илэрчихлээ.

Хувьсгалын биш хувийн компани допингтой бөхөд шагнал болгон өгсөн учраас төр хураан авах боломж байдаггүй. Нөгөөтэйгүүр компаниуд ч бөхөд өгсөн бэлгээ буцааж авсан сураг дуулдаж байгаагүй. Тэгэхээр хэдэн өрөө байр, автомашин бэлгэнд авсан допингтой бөхөд хоёр жил барилдахгүй өнгөрнө гэдэг нэг их хохиролтой биш. Энэ үүднээсээ допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хоёр биш түүнээс олон жилээр хасаж, хатуу шийтгэл оногдуулдаг баймаар байна.

Улсын баяр наадмаар даваа наймаалдаг, найраатай начин төрүүлдэг асуудлын тухайд, тавын давааг оноолтоор барилдуулахаар хуульчилчихвал найраатай начны тоог цөөлөх боломжтой болов уу. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалтад “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтынх нь эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана” гэж хуульчилсан. Тэгэхээр дөрөв биш тавын давааг оноолтоор барилдуулбал начны найраа гарахгүй байх боломжтой билээ.

Түүнчлэн үндэсний бөхөд тулгамдаж буй асуудал нь дан ганц Үндэсний их баяр наадмын барилдааны асуудал биш юм. Улсын цолтнууд нь аймгийнхаа наадмыг, аймгийн цолтнууд нь сумынхаа наадамд очиж “үймүүлдэг” үзэгдэл газар авав. Үймүүлдэг гэдэг нь улсын цолтнууд аймгийн баяр наадамд зодоглож, найраатай аймгийн цолтнууд төрүүлдэг. Тухайлбал, энэ жилийн Өмнөговь аймгийн 88 жилийн ойн баяр наадмын тавын даваанд үлдсэн /256 бөх барилдсан/ Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж тэргүүтэй улсын цолтой найман бөх аймаг, сумын цолтой залуу бөхөд “унаж” өгч цолонд хүргэж байлаа. Наадамчин олон дургүйцлээ илэрхийлсэн дуулддаг. 

Нөгөөтэйгүүр, аймаг, сумын баяр наадмыг улсын баяр наадамтай хамт хийх нь залуу бөхчүүд шударгаар барилдаж цолонд хүрэх боломжтой болно. Улсын том цолтнууд аймаг, сумын наадамд очоод зодоглохоор залуу бөхчүүдэд цол авах боломжгүй болчихдог. Залуу бөхчүүдийн барилдах сонирхол ч буурдаг. Энэ талаас нь харвал Үндэсний их баяр наадамтай хамт, сум, аймгийн баяр наадмыг нэгэн зэрэг хийх нь аймаг, сумын баяр наадмыг будилаантуулахгүй байх сайн талтай. Үндэсний бөхөд энэ мэт хуулийн зохицуулалт хийх шаардлага нэгэнт бий болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(91.178.17.87) 2019 оны 08 сарын 29

Shagnal gej mashin bair uguhuu boliochee, ene ih soliotoi shagnal, tsol gunshin baihgui bol tednii tsolnii nairaa, doping geed bugd baihgui bolno

1  |  0
зочин(202.131.243.190) 2019 оны 08 сарын 28

Эд нарт хууль мууль гээд яах юм зөнд нь хая зөнгөөрөө сөнөнө

1  |  0
зочин(122.201.17.100) 2019 оны 11 сарын 02

Жудаг Зодог хоёртоо баригдхаа байсан бөхчүүд л их байна да Уг нь: Жудгандаа захирагдаж Зодгондоо чангардаг эрчүүл юмсан мөнгө л гол буруутан нь байх ккк

1  |  0
Санаа(202.126.89.128) 2019 оны 11 сарын 02

Хуулиндаа өөрчлөлт оруулаад бөх уяач сурчдад тухайн жил түрүүлсэн гэсэн төрийн тамгатай батламж л өгдөг болчих.цол зэрэг нтр харьяа яам нь юмуу биеийн тамир спортын газар цол зэргийн комисс л өгнө биз.төр анхаараад байхаар наад хэдэн гүзээ адсаганы эздүүд бүр наадаж чадахаа байлаа

2  |  0
Top