Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн шинэ номын нээлт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гараад удаагүй байгаа юм.

Тус номын нээлтийг есдүгээр сарын 3-нд "Интерном" номын их дэлгүүрт 13:00 цагаас хийхээр болжээ.

“Морин зэрэглээ”  номд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтсан аж. Тэрээр өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэсэн байна. Номын нэрийг яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан оноосон байжээ.
 

Нэрт яруу найрагч амьд ахуйдаа шүлгийн анхны түүврээ "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ. Түүнээс хойш "Цагаан тэнхлэр", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг туурвиж, "Бүлээн нурам", "Араатан", "Хүн чулууны нулимс", Хүннүгийн тухай "Бор манан" зэрэг кино зохиол бичсэн. "Зүүдний говь", "Ээжийнхээ ачийг яалаа даа", "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ.

Мөн "Боржигоны бор тал" зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. 1991 онд АНУ-ын Аризони мужийн "Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор" цол хүртсэн. Жил бүр үзэгч уншигчдын дунд зохиогддог "Болор цом" яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч, "Уянгын тойрог", "Цагаан тэнхлэг" яруу найргийн номоороо 1990 онд "Төрийн шагнал", 1998 онд "Соёлын Гавьяат Зүтгэлтэн", 2003 онд "Ардын уран зохиолч" цол тус тус хүртэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top