Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга маргааш зодоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна. 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин,М.Уранцэцэг хүрэл медал хүртэн, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалын эзэн болж, монголчуудаа баярлуулсан билээ. 

Маргааш ДАШТ-ий сүүлийн өдөр. Харамсалтай нь, одоогийн байдлаар Урнаагаас өөр медалийн болзол хангасан жүдоч тодроогүй байгаа юм. Гэсэн ч найдлага тасрах болоогүй. 

Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр маргааш /2019.08.31/ +100 кг-ын жинд барилдана. 

Маргааш болох түүний барилдааныг хүлээх зуур олимпийн аваргын тухай сонирхолтой баримтуудыг эргэн сөхөе.  


Н.Түвшинбаяр аварга 1984 оны зургаадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т. Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. 


Н.Түвшинбаяр аварга 2002 онд 16 насандаа жүдо бөхийн өвсөрийн УАШТ-т түрүүлж байсан бол 18 насандаа Булган аймгийн наадамд түрүүлж, үндэсний бөхийн аймгийн арслан цол хүртэж байжээ.


Н.Түвшинбаяр аварга биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 


2006 оноос эхлэн жүдо бөхийн улсын шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд -100 кг-ын жинд барилдаж эхэлсэн. 


2007 онд Эль-Кувейтэд болсон ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Дараа жил нь Бээжингийн олимпийн наадaмд өөрийн жиндээ түрүүлж, Монгол Улсын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн билээ.

Эх орондоо олимпын наадмын анхны алтан медалыг авчрахдаа тэрбээр 24 настай байв. 


Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коко үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, шигшээ барилдаанд Казакстаны бөх Асхат Житкеевийг вазари үнэлгээгээр хожсон юм. 


Үүний дараа 2012 оны Лондонгийн олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай шигшээд шалгарч, сууж үүрүүлэх мэхээр хожигдож, мөнгөн медаль хүртэн, Монгол Улсын анхны олимпын хос медальтан боллоо. 


 "Будапешт-2017” жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж, Гүржийн шинэ залуу од Гурам Тушишвилийг даралтаар цэвэр хожиж, хүрэл медаль хүртлээ. 


Түүнийг бид олимпын алт, мөнгө, дэлхийн хүрэл, азийн наадмын алтан медальт, "Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга" хэмээн ярих дуртай. Аварга маргааш хүч үзнэ. Бидний найдлага тасраагүй байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naran(202.9.43.136) 2019 оны 09 сарын 01

Avargadaa amjilt husie !

0  |  0
20 жил(66.181.189.201) 2019 оны 08 сарын 31

Хөгшин хүнийг битгий гоочлоод байлдаа та нар

0  |  0
Зочин (106.102.142.178) 2019 оны 08 сарын 31

Нас чацуу ч миний бахархал төрийн наадамдаа жудагтай сайхан барилдсан дэлхийн наадамд ч хэн гэдгээ харуулж сайхн барилдсан ясан дээр нь бөх гэж сийлээстэй байдаг юмуу гэж асуумаар мундаг залуу даа миний бидний Монголын бахархал

1  |  0
Top