СЭЛЭНГЭ: Хүүхдийн спортын YI их наадамд оролцох тамирчдаа үдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 183 тоот тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй Хүүхдийн спортын YI их наадам нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 09-15-ны өдрүүдэд явагдана. Хичээлийн шинэ жилийн энэ өдөр хүүхдийн спортын их наадамд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцох өсвөрийн баг тамирчид, багш дасгалжуулагчдыг үдэн гаргаж, аймгийн хүндэтгэлийн тугийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хүндэтгэлийн тугийг БТСГ-ын дарга У.Батмөнхөд гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ. Энэ үеэр спортын төрөл тус бүрийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, өсвөрийн баг тамирчдаа дэмжиж урамшуулах үйл ажиллагааг аймгийн удирдлагын баг цаашид ч авч хэрэгжүүлнэ гэдгийг аймгийн дарга онцлон тэмдэглэлээ.

Сэлэнгэ аймаг долоон удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулж, өсвөрийн баг тамирчдаа урамшуулан дэмжиж байгаа спортыг дэмжигч аймаг юм. Шатар, бокс, жүдо, самбо, жиу-жицу, волейбол, даам, таекондо гээд спортын олон төрлүүдэд Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд эх орон, нутаг усныхаа нэрийг тив, дэлхий, ази, улсын хэмжээнд мандуулан бадруулж, амжилт арвинтай явна. Хүүхдийн спортын YI их наадамд Сэлэнгэ аймгаас 209 тамирчин, 20 дасгалжуулагчийн хамт спортын 18 төрөлд оролцоно. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас тус наадамд оролцох баг тамирчдын унаа, хоол, байрны зардлыг шийдвэрлэжээ.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top