СЭЛЭНГЭ: Хөх хоттой газар тариалангийн салбарт хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийлээ. Зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн удирдлагын баг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Хөх хот нь урд хөршийн газар тариалан, техник технологи бүтээн байгуулалтын гол бүс нутаг юм. Сэлэнгэ аймгийн хувьд ч манай орны газар тариалангийн гол бүс нутгийн хувьд харилцан туршлага солилцох, арга туршлага судлах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, өсөж дэвжих арга замыг нь нээх боломжтойг уулзалтын үеэр хоёр талын удирдлагууд онцолж байв. Энэхүү айлчлал нь хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг танилцуулах, хамтран ажиллахад гүүр болоход чиглэгдлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг энэ үеэр байгууллаа. Мөн Хушаат сум дахь төмсний үр үржүүлгийн “Элит үр” ХХК-ий захирал С.Нямжав ӨМӨЗО-ны “Шү юань кан” биологи технологийн компанийн ерөнхий захирал Ши Юйтэй, Сүхбаатар сум дахь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сэлэнгэ шим”ХХК-ий захирал Д.Мөнхцэцэг ӨМӨЗО-ны “Шэнь мү гао кэ” хөдөө аж ахуйн газрын ерөнхий захирал Жан Жавантай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, туршлага солилцохоор боллоо. 
ӨМӨЗО-ны Хөх хотод дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэг сүүний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хөх хотын дарга Фэн Юйжэнь хэлэхдээ албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан аж ахуйн нэгжүүдээ салбартаа манлайлагч, улсдаа үнэлэгдэж танигдсан томоохон аж ахуйн нэгжүүд гэдгийг тодотгосон. 
Хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бааз суурь өргөжих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top