“Музейн хөгжил-2019” чуулган өнөөдөр эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт энэ жил Улаанбаатар хотод есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болоно. Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний музей, соёлын өвийн үндэсний төв ажиллаж байна.

Улс, орон нутгийн музейн ажилтнуудын олон улсын музейн хөгжилтэй хөл нийлүүлж, музейн ажилтнуудын мэргэжил, арга зүйн мэдлэг, туршлагаа солилцох, тэлэх, хамтын эв нэгдэл, найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх санал санаачлагын дагуу музейн арга зүйн сургалт, спортын тэмцээнийг анх 2009 онд зохион байгуулсан. Нөхөрсөг энэ арга хэмжээ өргөжин тогтмолжиж 2014 онд “Музей ба хөгжил” чуулган нэрийн дор, 2017 онд олон улсын шинж чанартай чуулганы хэмжээнд хүрсэн. Энэ жил чуулганы үйл ажиллагаанд улс, орон нутгийн музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах танхимийн ажилтнууд, салбарын, хувийн хэвшлийн музей, галерей, хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, төвүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн хамрагдаж байгаагаараа онцлог.  

“Музейн хөгжил-2019” чуулганы хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна:

  1. “Ирээдүйн музей” форумын хүрээнд:    
  • Музейн хөгжил ба бодлого;
  • Музей ба нийгмийн инноваци;
  • Музей ба бүтээлч үйлдвэрлэл;  
  • Ирээдүйн музей.

гэсэн дөрвөн чиглэлд тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, ажилтан, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэж үр дүнд нь Монголын ирээдүйн музейн хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагыг тодорхойлно. 

 

  1. Музейн эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сэдэвт сургалт 2 хэсэгтэй зохион байгуулна.  

Нэгдүгээр хэсгийн сургалт Үндэсний музейн сургалтын танхимд явагдаж тус музейн куратор, эрдэм шинжилгээ, арга зүй, боловсролын туршлагатай  мэргэжилтнүүд дараах сэдвээр хичээл заана:

  • Музейн үзмэр, цуглуулгын судалгаа;
  • Музейн нэхмэл эд өлгийн зүйлийн судалгаа хийх арга зүй;  
  • Археологийн судалгаанд орон нутгийн музейн оролцоо;
  • Шашны эд өлгийн зүйлд судалгаа хийх нь;  
  •  Музейн археологийн үзмэр цуглуулгад судалгаа хийх арга зүй
  • Үзмэрт тулгуурлан боловсролын хөтөлбөр зохиох арга зүй

Хоёр дугаар хэсгийн сургалт дараах музейнүүдэд явагдаж, музейн захирал, ажилтнууд музейн үйл ажиллагааг “work shop”сургалтын хэлбэрээр зохион байгуулна. 

  • Монголын Үндэсний музей,  
  • Байгалийн түүхийн музей,  
  • Дүрслэх урлагийн музей,  
  • Чойжин ламын сүм музей

 

  1. “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн гарна.

Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ойд болон “Музейн хөгжил - 2019” музейн чуулганд зориулсан “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  ”Блю скай” зочид буудлын III давхрын “Даймонд” заалны хүлээн авах танхимд бүтэн өдөр дэлгэгдэнэ. 

 

  1. “Музейн бүтээлч үйл ажиллагаа” үзэсгэлэн гарна.

 “Музейн хөгжил - 2019” чуулганд зориулсан улс, орон нутгийн музейчдийн “Музейн бүтээлч үйл ажиллагаа”-ны  үр дүнд бий болсон  соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн хэвлэмэл, зурмал, хатгамал, баримал гэх мэт бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  ”Блю скай” зочид буудлын III давхрын “Даймонд” заалны хүлээн авах танхимд бүтэн өдөр дэлгэгдэнэ. 

 

  1. Спортын нөхөрсөг тэмцээн болно. 

“Музейн хөгжил - 2019” чуулганы нөхөрсөг спортын тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хүч спортын хорооны биеийн тамирын зааланд зохион байгуулагдана. Энэ жилийн тэмцээнд улс, орон нутгийн музей, дэлхийн өвд бүртгэлтэй газар нутгийн захиргааны алба, хувийн хэвшлийн болон салбарын музей, галерей, хөдлөх өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон 21 баг тамирчид 1, 2, 3 дугаар байр, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалын төлөө өрсөлдөнө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top