Г.Анхбаяр: Хүмүүс хилчдийн тоглолтоос эх орон үнэртдэг гэдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Хилийн 0108 дугаар ангийн Соёлын төвийн дарга, ахмад, дуучин Г.Анхбаяр есдүгээр сарын 18-нд UB palace-н концертын их танхимд “Онож төрсөн эх орон”  нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилтай тун завгүй байх үед нь товч ярилцлаа. “Онож төрсөн эх орон” тоглолт есдүгээр сарын 18-нд “UB Palace”-ийн концертын их танхимд болох юм.


-Таныг урлагт дурлуулж, тийш нь хөтлөх хөшүүрэг юу байв?

-Манай ээж багш хүн. Тийм болохоор байнга л урлаг соёлоор амьсгалж байдаг. Харин аав маань сумын Соёлын төвийн даргаар ажилладаг. Тиймээс орой бүр соёлын төвд болж буй үдэшлэг, концертыг үзнэ. Ингэж л урлагийн хүн болох анхны сэдэл төрсөн дөө. Тайзан дээр дуулж байгаа уран бүтээлчдийг хараад яг л тэдэн шиг болохыг хүссэн. Урлаг гэдэг их гэгээлэг ертөнц.

-Хамгийн анх гарч байсан тайз?

-Зургаан настай байхдаа сумын соёлын төвийн тайзан дээр морь цоллодог тэмцээнд орсон юм. Гэхдээ байр эзэлж чадаагүй л дээ. Шарандаа их л уйлж байснаа одоо санадаг. Тэр үед би заавал мундаг дуучин болно гэж бодсон бодол, зорьсон зорилго маань өөрчлөгдөөгүй.

-Таны “Онож төрсөн эх орон” удахгүй болох гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Би СУИС-ийг дуулаач мэргэжлээр төгсөөд 2012 онд Хил хамгаалах байгууллагад хилчин шалгагчаар орж байлаа. Өвөө минь ахмад дайчин хүн. Өвөө шигээ цэргийн хүн болно гэх бодлыг дотроо тээж явсаар хилчдийнхээ эгнээнд орсон доо. Хил хамгаалах байгууллагад ажиллах хугацаандаа анги хамт олон болоод сум орон нутагтаа өөрийн тоглолтыг хийж байсан. Харин энэ удаад анхны бие даасан том хэмжээний тоглолтоо Улаанбаатар хотод хийхээр болоод байна.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна даа?

-Бэлтгэл ажил одоогийн байдлаар 80 хувьтай хангагдаад явж байна.

-Хилчин уран бүтээлчдийн дундаас өмнө нь бие даасан тоглолтоо хийж байсан хүн олон байдаг уу?

-Өмнө нь Хилийн 0131 дүгээр ангийн СМССА-ны дарга, ахмад О.Эрдэнэсүх нийслэл хотноо тоглолтоо хийж байсан юм билээ. Сум орон нутаг, хамт олондоо уран бүтээлээ толилуулдгаас бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн нь цөөхөн байх.  

-Тоглолтоо чухам яагаад ийн нэрийдэх болсон юм бэ?

-Би тоглолтоо хурандаа Х.Энхтайвангийн бичсэн “Онож төрсөн эх орон” дуугаар нэрлэсэн. Тоглолт маань хүрэлцэн ирсэн үзэгч олныг уйдаахааргүй сайхан болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаа.

-Өмнө нь аймаг орон нутгийн хэмжээнд бие даасан тоглолтоо хийж байв уу?

-2012, 2014 онд Замын-Үүд суманд, 2018 онд Өмнөговь, Дорноговь аймагт бие даасан тоглолтоо хийж байлаа. Бид хил орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд орон нутгийн малчин иргэддээ манай ангийн уран бүтээлчид байнга тоглолтоо сонирхуулж байдаг. Ард иргэдийн хувьд хилчдийн бэлтгэсэн концертыг үзэх их дуртай. Тоглолтынх нь бүх л номероос эх орон үнэртдэг гээд их магтана.

-Улаанбаатар хотод тоглолт хийх санааг хэзээ, хэрхэн гаргаж байв?

-2018 оны шинэ жилээр ангийнхаа авьяаслаг залуустай Өмнөговь аймагт тоглолтоо хийсэн юм. Тэр үед ангийн захирагч, хурандаа А.Энхтөр “Яагаад Улаанбаатарт том хэмжээний тоглолт хийж болохгүй гэж?” гэх саналыг тавьсан. Ингээд л бүтэн жилийн турш бэлтгэлээ хангаж, тоглолтоо хийхээр болсон.

-Тоглолтын срюпризээс задалбал?

-Би урын сандаа 20 гаруй дуутай. Дийлэнх нь эх орон, хил, хилчдээ магтан дуулсан дуунууд бий. Тоглолтод “Хилчдээ мартахгүй”, “Ээжийн тухай дуу”, “Хайрын дуу” зэрэг хилчдийн маань мэддэг олон сайхан дуунууд дуулагдана. Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Цагаан Лавай” чуулга, 21 уртын дууч, есөн морин хуурч, ОХУ-ын дуучид урилгаар оролцоно. Хүрэлцэн ирсэн хүн бүрд “Онож төрсөн эх орон” цомгоо бэлэглэнэ. Супер азтандаа приус 30 автомашины эзэн болно гээд гэнэтийн бэлгээр дүүрэн тоглолт байх болно.

-Танд мэргэжлийнхээ дагуу уран бүтээлчээрээ дагнах бодол төрж байв уу?

-Тийм бодол төрж байгаагүй юм байна шүү. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга маань Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд дээгүүрт тооцогдоно. Миний хувьд мөрдөс зүүж тангараг өргөсөн хилчин хүн хилдээ явж байх нь сайхан санагддаг. Тиймээс хилчдэдээ уран бүтээлээ хүргээд, өглөөний нарыг хилийн багана дээрээ угтаад явж байх жаргал шүү дээ.

-Олон уралдаан тэмцээнд орж байсан байх. Амжилтаасаа сонирхуулбал?

-Хамгийн анх нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын дуу дуулаачдыг улсын уралдаанд оролцоод “Шилдэг залуу дуучин” гран при шагналыг авч байсан. Энэ шагнал надад их урам өгсөн. Үүний дараа Хил хамгаалах байгууллагадаа ажиллаад цэргийн хүний хувьд марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний хилчдийн урлагийн наадамд амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлж байлаа.

-Том хэмжээний бие даасан уран бүтээл хийхэд удирдлага, гэр бүл, найз нөхдийн дэмжлэг туслалцаа юу юунаас илүүтэй чухал байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Хилийн 0108 дугаар ангийн удирдлага, хамт олон, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл, тус аймгийн Номгон сумын нутгийн зөвлөл, “Эрхэт Монгол” групп, “Лундаа Од” ХХК зэрэг маш олон газраас намайг дэмжиж, тусалж байгаа. Мөн Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын удирдлага, уран бүтээлчид маань тоглолтод шаардлагатай бүхнээр тусалж, дэмжлэг үзүүлсэн. Олон хүний тус дэмээр тоглолт сайхан болно гэдэгт итгэж байна. Энэ дашрамд эдгээр бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье.

-Дуулахын зэрэгцээ дууны үг, ая бичдэг үү?

-Хэд хэдэн дууны шүлэг бичиж байсан. Дууны шүлэг их онцлогтой. Зүгээр нэг толгой холбоод шүлэг бичдэггүй. Бичсэн шүлгээ хайрцаглана. Утга уянгын талаасаа ч тэр. Энэ удаагийн тоглолтод миний шүлгээр бүтсэн хоёр дуу дуулагдана.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Өөрийн эрхэлж буй ажил, албандаа амжилт гаргаж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байхыг хүсдэг. Харин урлагийн тал дээр том хэмжээний тоглолт хийх нь миний нэг зорилго байсан. Тун удахгүй биелэх гэж байна. Харин ирээдүйд өөрийн гэсэн дуу бичлэгийн студитэй болохыг хүсдэг. Тэнд хилчид маань уран бүтээлээ чөлөөтэй бичүүлдэг, зорин очдог байгаасай. Мөн цэргийн дуугаар бүтсэн цомог гаргаж, кино концерт хийхийг хүсдэг. Хүн мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хичээж чадвал биелэхгүй мөрөөдөл гэж байдаггүй байх аа. 

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sain sanaj yab?....(148.60.92.227) 2019 оны 09 сарын 12

dyychid hilchid ee!!ta nar eh orondoo ajillaj amidarch baina,ene yabaa nasaa menh gej byy sana?odoo baigaa baidal chini yrgelj chamlagddag syy!ychir ni emneh chag yeiin ahmadyydaas syralzah chini_ baga eersdee l hiirheed baih yum daa!!emneh yeiin haana ch hyrehgyi ard tymend gologdoh yum bna syy

0  |  0
Top