ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: "Хөрстөд оршихуй- Хүршгүйтэй учрахуй"

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Монгол Улс, Холбооны бүгд найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосны 45 жил, "НордАрт" Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойд зориулсан "НордАрт" Олон Улсын Дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015-2019 онд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн гарах гэж байна.

1999 оноос хойш зохион байгуулагдаж буй "НордАрт" Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь европт жил бүр зохион байгуулагддаг хамгийн далайцтай нэн орчин үеийн урлагийн үзэсгэлэн бөгөөд энэ жил нийт 100 гаруй орны 371 уран бүтээлчид шалгаран оролцож байгаа юм.

Монгол Улс, "НордАрт"-ын албан ёсны хамтын ажиллагаа 2014 онд эхлэн улмаар 2015 онд Монгол Улс онцлох орноор оролцож 3000 м2 талбайд нийт 33 уран бүтээлчийн 120 гаруй бүтээл бүхий “Модерн шилжилт – Шинэ (дүр) төрх” сэдэвт өөрийн бие даасан анхны павильоноор "НордАрт"-ыг зорин ирсэн олон улсын 80.000 гаруй зочдын мэлмийг баясган олны хүртээл болгосон. Тус үзэсгэлэнд 1000 гаруй уран бүтээлүүд дэлгэгдсэнээс Монголын уран бүтээлч, барималч А.Очирболдын “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээл үзэгчдийн шагналыг хүртэж, "НордАрт" 2016- д оролцох албан ёсны урилгыг хүлээн авсан. Тэрбээр 5 метр өндөр, төмөр баримлаа "НордАрт2015"- Симпозиумын үеэр Бюделсдорф хотноо бүтээсэн болно.

2016 онд “Уламжлал ба орчин үе” сэдэвт Монгол Улсын бие даасан хоёр дахь павильонд /2000 м2 талбай/ 17 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл, 2019 онд тусгай төслийн хүрээнд “Хөрстөд Оршихуй: Хүршгүйтэй Учрахуй” сэдэвт бие даасан гурав дахь павильонд 23 уран бүтээлчийн 53 бүтээл "НордАрт"- д толилуулагдаад байна. 2017, 2018 онуудад Монгол уран бүтээлчдийн бүтээлүүд үндсэн үзэсгэлэнд шууд шалгаран оролцсон. Улмаар таван жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор, үе үеийн 78 Монгол уран бүтээлчдийн 230 гаруй бүтээлийг маш амжилттайгаар жил бүр 100 мянган үзэгчид, олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч, куратор, урлаг сонирхогчдын хүртээл болгоод байна.

"НордАрт"-д 2015-2019 онуудад Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн “Хөрстөд Оршихуй: Хүршгүйтэй Учрахуй” нэгдсэн тайлан үзэсгэлэнд ахмад үеийн төлөөлөл Төрийн соёрхолт, Ардын зураач Дo.Болд, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, Төрийн соёрхолт С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг /агсан/, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Л.Ганболд /агсан/, болон дунд, залуу үеийн нийт 60 уран бүтээлчийн уран бүтээлүүд хоёр шатлалтайгаар олны хүртээл болно.

Монгол уран бүтээл, уран бүтээлчдийг олон улсад тогтвортой сурталчлан танилцуулах, хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан ба ажиллаж буй нийт хамтын ажиллагааны түншүүд, байгууллагууд, дэмжигч та бүхэндээ дахин гүн талархал илэрхийлье.

Бид "НордАрт"-д 2015-2019 онд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэнгийн нээлт есдүгээр сарын 12-ны өдрийн 19:00 цагаас болно. Нэгдсэн үзэсгэлэн аравдугаар сарын 30-ныг хүртэл "MN17" арт галерейд гарна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top