Цирк үзэлгүй их уджээ, монголчууд. Үзсэн ч хааяа л нэг, өдрийн од шиг тоглолтынх нь зарыг олж харсан цөөн хэдэн хүн циркийг зорьж очно. Тэгэхдээ сумогийн их аварга Д.Дагвадоржийн менежментийн хувьчлалаар авсан гэх том дугуй хэлбэртэй “Цэнхэр асар”-т биш шүү. Циркийн урлагт хамаг “насаа илээж” яваа “Шинэ цирк” гэдэг “ядуухан” оромж, авъяаслаг хүмүүстэй айл руу цувж өгнө. Энэ цирк Д.Дагвадоржийнхоос тусдаа юм. Хүүхдийн театр хавилдуу, зориулалтын байр ч байхгүй цирк болоод удаж байгаа. Уран бүтээлчдийн хувьд бол хэн ч чамлахааргүй, мундаг хүмүүс. Гадаадын олон уралдаанд оролцож Монголынхоо нэрийг тахалдаг. Даргаар нь Д.Зоригт ажиллаж байгаа. Тэрээр Д.Дагвадоржийн АСА циркийнхэнтэй ам хэлээ ололцдоггүйдээ ч тэрүү, ур чадварыг нь голдог юм уу сүүлийн жилүүдэд нийлж нэгдэж ажиллахаа больжээ. АСА цирк нь нэлээд их хөрөнгө гарган хамаг сандлаа сольж шинэчлэснээс цаашгүй. Хүүхдүүд тэнд гоё сандал биш, харин сайн тоглолт үзэхийг хүсдэг. Гэвч тэр нь АСА-д алга болоод байна. Д.Зоригт дарга заримдаа зориулалтын байргүйн улмаас АСА-д очиж тоглолт хийх гэхээр Д.Дагвадоржийн албатууд өөдөөс нь түрээсийн мөнгөө өг гэдэг гэнэ лээ. Нэг ижил төрлийн байгууллагууд хоорондоо иймхэн юманд дээр түнжин хагарах утгагүй л дээ. Иймэрхүү байдлуудаас болсон уу, саяхан хүүхдийн баяраар Шинэ циркийнхэн Сүхбаатарын талбай дээр том том саравч, төмөр багана босгон тоглолтоо хийлээ. Хүүхдүүд шимтэн үзэж байгаа харагдсан. Аргагүй шүү дээ. Тэр болгон цирк үзэж чадахаа больсон юм чинь. Гэвч энд харамсах зүйл их байлаа. Юув гэхээр, талбайн цементийг том томоор өрөмдөн цоолж энд тэндгүй нүхэлж орхижээ. Дээгүүр нь явсан хүн унаж бэртэх аюултай болсон байна. Нэгийг хийх гэж нөгөөг ийнхүү сүйтгэх нь манай л ёс юм байлгүй дээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны соёл урлаг хариуцсан хүмүүс үүнд санаа зовсон шинж алга. Ядаж хэдэн тийшээ харчихсан циркийн олон байгууллагаа нэг дээвэр дор зангидаад авбал иймэрхүү гайтай ажил болохгүй байсан юм. “Өдрийн шуудан” сонины сэтгүүлчид энэхүү но-той асуудлыг гярхай олж хараад дарга нарынх нь сонорт хүргэж байгаа гэсэн. Давхар бас манай Zindaa.mn сайт ч АСА болон Шинэ циркийнхэнд уламжлах нь зөв байх аа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )