Аниастай нүд нь хоосонд нэвтэрснийг илтгэх мэт эртний монгол эмэгтэйн дүртэй барималууд танхимд таран байрлажээ. Та хэн нэгнийг эгцлэн ширтэхгүйгээр түүнийг өөртөө нээж чадах уу? Магадгүй заримдаа харц, харсан зүйлс маань биднийг төөрүүлдэг байж болох юм. Үнэн гэдэг бидний хувьд өөр, өөр ч байж болох юм.
Энэ бол уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн "Ceramic Sculpture" үзэсгэлэн. Үзэсгэлэн яг одоо "Хаан" арт галерейд гарч буй. Яг ийм, магад үүнээс илүү зөөлөн энергийг цацруулсан "Төөрсөн сүүдэр" үзэсгэлэн өнгөрсөн жилийн өвөл гарч байсныг эргэн саналаа.
Амьдралдаа анх удаа "амьд" мэт хараа булаам барималуудыг олж хараад нүдээ ч салгалгүй хэсэг зогссон. Ширтээд л зогсоод байвал нүдээ нээчих ч юм шиг мэдрэмж төрөх нь улам шунах мэдрэмж төрнө. Тийм ээ. Тэдгээр барималууд амьд мэт биш угтаа жинхэнэ амьд аж.
Урчин гэх тодорхойлолтод жинхэнэ тохирсон уран бүтээлч бол Н.Сүхбүрэн. Ур ухаан, оюун бодол, сэрэл мэдрэмж, авьяас хөдөлмөр, цаг хугацаа гээд өөрөөс шалтгаалах бүхий л зүйлээ юүлэн барималуудаа бүтээдэг нь ч илт.
Галерейн цулгуй цагаан хана хязгааргүй хоосныг илтгэж ертөнцийн анир гүмд аваачих мэт. Эртний, ихэмсэг басхүү хүчирхэг энерги цацруулсан бүтээлүүд өөр өөрийн түүхийг өгүүлэх шиг. Гэхдээ харахгүйгээр...
Керамик урлал нь үүссэн цагаасаа хойш олон мянган жилийн явцад бүтээх арга ажиллагаа илүү боловсронгуй болсоор өдгөөг хүрчээ. Шавар урлал учир маш хэврэг түүнийгээ дагаад илүү үнэ цэнэтэй байдаг.
Зураач, урчуудын хувьд байгаль, дэлхий, аав ээж, хайр, эмэгтэй хүн мөнхийн сэдэв байдаг. "Ceramic Sculpture" үзэсгэлэнгийн гол дүр нь эмэгтэй хүн. Тэр тусмаа эртний монгол эмэгтэй. Уран бүтээлчийн нарийн ажиллагааг эмэгтэйн бие дээрх үүлс, мод, үлгэр домгоос харж болно.
Энэ удаад Н.Сүхбүрэн сүүлийн 3-4 жилийн хугацаанд бүтээсэн барималуудаа олонд дэлгэж байгаа аж. Гар техникийн аргаар бүтдэг учир керамик шавар сонголтоос эхлээд хэлбэр дүрсэд оруулах, барих, хатаах, шатааж бэхжүүлэх, пааландах гэхчилэн олон дамжлагыг уран бүтээлч өөрийн гараар урладаг нь үнэ цэнэтэй, бас дахин давтагдашгүй юм.
2002 оноос хойш тасралтгүй гаргасан үзэсгэлэн, бүтээлүүд нь түүнд "Уран бүтээлчид бүтээж байна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ уран бүтээл л биднийг бүтээж, сургаж, боловсруулж байдаг" гэх итгэл үнэмшлийг төрүүлсэн биз ээ. Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 2-ныг дуустал гарах учир танд зориод очихыг санал болгоё.
Сэтгэгдэл ( 0 )