Энэ удаа соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын залууст илгээсэн үгийг хүргэж байна.
-Залууст хувийн зохион байгуулалт дутагдаж байна. Унтаж, унтаж үдээс хойш болохоор ажил хөөцөлдөөд явдаг сонин сэтгэхүйтэй хүн олон байх юм. Тэгээд юуны төлөө яваагаа ч мэдэхгүй, мартчихдаг. Тэдэнд зорилго, чиглэлээ мартаад байвал цаасан дээр бичээд явахгүй юу гэж хэлмээр санагддаг. Мөн архи уухгүй, тамхи татаж дэмий цагаа үрэхгүй өөрийнхөө зорьсон ажилд бүтээлч хандах нь чухал. Тэгэхгүй бол нэг л их салан задгай яваад байдаг. Бүтээд байгаа нь ч мэдэгдэхгүй. Ийм байж болохгүй. Залуус маань мөнгөнд хэтэрхий дурлаад байна уу гэж харах юм. Амьдралыг мөнгөн дээр тогтдог гэж ойлгож боломгүй. Бидний үеийнхэн нэг хүндээ хайртай л бол ажил мэргэжилгүй, аав, ээж нь хэн байх хамаагүй, амьдралын төлөө зүтгэдэг байлаа. Түүнээс биш аав ээж нь мөнгөтэй юу, ажил төрөлтэй юмуу гэж хэзээ ч судалдаггүй. Амьдралаа тэгээс эхэлж, хамтдаа бүхнийг цогцлоохын төлөө зүтгэдэг байсан. Энэ нь бидний хувьд аз жаргал гэдгийг одоогийн хүүхдүүд ойлгохгүй байх. Эцэг эх нь албан тушаал, эд хөрөнгөтэй хүнтэй суугаад аз жаргалтай амьдарна гэдэг миний санаанд лав багтахгүй. Хэдий зах зээлийн нийгэмд амьдарч байгаа ч гэсэн өөрийнхөө өмнөх ажлыг сайн хий. Хийж, бүтээж байгаа зүйлдээ бүтээлчээр ханд. Орчин үед хүний хөдөлмөрийг үнэлдэг болсон байна. Чи чадаж л байвал сайхан амьдрах нийгэм чинь энэ шүү дээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )