"НордАрт"-ын дээд шагналын эзнээр уран бүтээлч А.Очирболд тодорчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Герман улсын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа зургаадугаар сарын 01-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа юм.

Есдүгээр сарын 21-ний өдрийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд "НордАрт 2019" шагнал болон Үзэгчдийн нэрэмжит шагналын эздийг тодрууллаа. 

Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчид энэ жилийн НордАртад оролцсон бөгөөд манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019” шагналын эзнээр тодорчээ.

“НордАрт 2019” дээд шагналыг "НордАрт" 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 евроны мөнгөн шагнал дагалдах бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол НордАрт 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургаадугаар сарын 5,6–ны өдрүүдэд болох аж.

 

 

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд "НордАрт " симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд хүрч “НордАрт 2015" үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. 

Европтоо хамгийн нэр хүндтэй энэхүү томоохон үзэсгэлэнд Монгол Улс, Герман улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, "НордАрт" Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд Монгол Улсын гурав дахь удаагийн бие даасан павильон "Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр "НордАрт 2019"-д тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл оролцож буй билээ.

 

 

Дашрамд дуулгахад, "MN17" арт галерейд "НордАрт"-д 2015-2019 онуудад оролцсон Монгол уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэйгээр нийтэд хүрч байна.

Үзэсгэлэн хоёр шатлалтайгаар 2019 оны есдүгээр сарын 12-24 болон аравдугаар сарын 08-30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд уран барималч А.Очирболдын бүтээлийг ч мөн та үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyunaa(86.9.145.43) 2019 оны 09 сарын 25

Uneheer gaihaltai buteel boljee. Bayar hurgeye. Mundag yumaa.

0  |  0
(59.153.112.136) 2019 оны 09 сарын 25

сайхан байна дүү минь уран бүтээлийн өндөр амжилт хүсье

0  |  0
Top