ӨМНӨГОВЬ: Ерөөлч, магтаалч нарын улсын наймдугаар уралдаан болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

“Соёлын тухай” хууль, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт”, “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Ерөөлч, магтаалч нарын холбоо” ТББ хамтран есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

2018 оны наймдуугаар сард Улаанбаатар хотын Хүй долоон худагт зохион байгуулсан Соёлын биет бус өвийн улсын их наадамд Өмнөговь аймаг амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан. 2019 оныг Өмнөговь аймаг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж соёл, урлаг, соёлын өвийг хамгаалах, уламжлуулах, сэргээх тал дээр, соёл урлагийн хүний нөөц, өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх талаар онцгой анхаарч амжилттай ажиллаж байгаа юм.

Үүүний нэг тод жишээ бол Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар санаачилга гарган “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг,  “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг санхүүжүүлж өөрийн нутагтаа зохион байгуулж буй явдал.

Гадаадын олон улс оронд эх хэл, аман уламжлалын соёлд магтаалын төрөл байдаг, харин ерөөлийн төрөл Монгол туургатан улс үндэстэнд үүсэж хөгжсөн. Эрт үеэс монголчууд үгийг шидтэй гэж үзэн билэггүй үг хэлэхгүй байх, амны билгээс ашдын билэг, агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй гэх мэт зүйр цэцэн үгээр  хүнийг  хүмүүжүүлж, хариуцлага суулгаж ирсэн.

Магтаалын төрөл нь аливаа юмс үзэгдлийн хөгжлийг өнгөрсөн, одоо цагт холбон үздэг байхад, ерөөлийн төрөл нь ирээдүй рүү чиглэж, ирээдүйн явдлыг түргэтгэх, сайн сайхан болгохыг зөгнөж, бэлэн цэцлэх аргаар бүтдэг.  Ерөөлч, магтаалч хүн гурван цагийн хэлхээнд байгаль, сав шим ертөнц, хүмүүний ахуй амьдралын бүхий л явдлыг авч үзэн дүгнэж, ашдын замыг засдаг авьяастнууд юм.

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөөлч, магтаалч нар зөвлөлдөж, ур чадвар, туршлага солилцох уралдаан тэмцээнийг зохион байгуулна.  

 

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top