Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран зохион байгуулж буй “Нээлттэй өдөрлөг” өчигдөр /2019.09.25/ төв талбайд боллоо.
“Нээлттэй өдөрлөг”-т салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгжүүд оролцож, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, тайлагнаж төрийн зарим үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Өдөрлөгт “Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байгаа бөгөөд энэ үеэр компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа.
Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компанийн төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байна. Нүүрсний олборлолт энэ сарын 23-ны байдлаар 13.1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102 хувь, борлуулалтын орлого 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж наймдугаар сарын 31-ний байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д төсөл хэрэгжүүлэгч тусгай зориулалтын компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төслийг гүйцээн хэрэгжүүлэхэд 690 орчим сая долларын санхүүжилт шаардлагатай байгаа. ЗГ-ын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барих ажлыг манай компани санхүүжүүлж байна. Энэ дагуу “МТЗ” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм” гэлээ.
Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр авто зам баригдана. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгаа ажээ. Мөн жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулна. ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэнэ гэдэг мэдээллийг тус компаниас өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
???
яана даа ТТДЦС -аа РИО ТИНТО -д барь гээд огчихсон. энэ уйлдвэртээ тэгээд Риогоос цахилгаан гуйх нь дээ. ЭНЭ ТОРД БОДЛОГО БАЙНА УУ БАЙХГУЙ БАЙХ