Монголд анх удаа "Encounters contemporary" бүжгийн тоглолтыг зохион байгуулах гэж байгаа билээ.
Мэргэжлийн болон тэргэнцэртэй найман бүжигчин оролцсон "Encounters" буюу “Учрал” нэртэй энэхүү бүжгээр дамжуулан хүмүүс хоорондоо хэрхэн учирч, харилцаа холбоо үүсгэн, өөр хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч болох тухай асуудлыг хөндөх юм. Щвейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж буй контемпорари бүжгийн тоглолтын багийнхан “YET Company”-ыг үүсгэн байгуулагч, щвейцарь бүжиг дэглээч Фабиан Коны удирдлаган дор бэлтгэлээ хангаж байна.
“Encounters” контемпорари бүжгийн тоглолт үзэгч танаас тэгш бус нөхцөл байдал, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүмүүс өөр хоорондоо нэгдэн холбогдоход ямар өөрчлөлт, шинэ боломжууд гарч ирж болох тухай асуух болно.
Бүжиг дэглээч Фабиан Кон “Учрал” тоглолтыг бүжигчидтэй хамтран боловсруулж, бүжигчдийн өөр өөр ур чадвар дээр суурилан тэдний хоорондын харилцан ойлголцол болон зохицлыг бий болгох нь бүжиг дэглэлтийн гол аргачлал болох юм. Энэ утгаараа тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчид хоорондын нэгдэн уусах процессыг зохиолын гол хэсэг гэж ойлгож болно. Бүжиг дэглэх явцад харилцан үйлдэлт импровизаци, орон зай хуваарилалтын туршилтууд хийх, урьдчилан бэлдсэн бүжгийг суралцах зэргээр ажиллах аж.
Бүжиг дэглээч Фабиан Кон, Доминика Кон нар бие-сэтгэл төвт үзэл, Идеокинесис буюу хөдөлгөөнгүй хэвтэнгээ төсөөллөөр дамжуулан хөдөлгөөний дасгал хийх арга, өөрийн дотоод мэдрэмжиндээ тулгуурлан бүжиглэх зэрэг аргаас сэдэл аван бүжгээ дэглэжээ.
Түүнчлэн дотоод зураглал болон дүрслэлийн элементүүд (ус, агаар гэх мэт) мөн бие махбодийн (яс, булчин, арьс, тунгалаг, мэдрэл гэх мэт) системд суурилсан хөдөлгөөний онцгой хэллэгийг боловсруулсан ба дээрх аргачлалуудыг ашиглан “нэгэн цогц” бүтээл бий болгохоор ажиллаж байна. Иймээс “Учрал” бүжиг нь төгс гүйцэтгэл бус бүжигчдийн дотоод хүн, тэдний өвөрмөц илэрхийлэл дээр тулгуурлагдах юм. Ийм төрлийн илэрхийлэл нь “төгс”-ийг бус, харин “давтагдашгүй”-г эрэн хайдаг билээ. Энэ нь дотоод зураглал, төсөөллөөс үүдэн гарч, бүжигчид тус бүрээс хамааран илэрхийлэл нь өөр өөр байх юм.
Тоглолт аравдугаар сарын 05-нд 19:00 цагаас АСЕМ Вилла дахь "Хүн" театрт болно.
Сэтгэгдэл ( 0 )