Хоёр намын зөвшилцөл ХӨШИГНИЙ ХААНА өрнөх вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

-Зөвшилцөх саналыг эрх баригч намынханд сөрөг хүчний зүгээс тавьсан. Тэрхүү саналыг нь УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж авсан тул өчигдрийн бүлгийн хуралдаанаа ирэх даваа гараг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа-

Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам зөвшилцөхөөр хөшгөө татлаа. Харин одоохондоо тэдний зөвшилцөл хөшигний хаана өрнөхийг тааж хэлэхэд эрт байна. Учир нь, улс төрийн нөхцөл байдал маш эмзэг, тэр хэрээр хаашаа ч хөвөрч мэдэхээр хүндхэн нөхцөлд байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ч, АН-ын зөвлөлийн дарга ч тэр аль аль нь хүлээн зөвшөөрсөн билээ. Нөгөө талаараа өнөөгийн улс төр тогтворгүй байгааг Төрийн ордны гадна, дотно өрнөж байгаа өдөр тутмын үйл явдлаас хэн хүссэн нь олоод харчих боломжтой байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн улс төрийн гол сэдэв бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хориг, УИХ-ыг тараах эсэх асуудлыг дагаад ээлжит бус сонгуулийн сураг юм. 

Тэгвэл яг дээрх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг АН-тай зөвшилцөхөөр ширээний ард суух нь ээ. Зөвшилцөх саналыг эрх баригч намынханд сөрөг хүчний зүгээс тавьсан. Тэрхүү саналыг нь УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж авсан тул өчигдрийн бүлгийн хуралдаанаа ирэх даваа гараг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид яаж явуулах вэ гэдэг асуудал, АН-аас гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлснийг ярилцахаар төлөвлөсөн байсан. Бүлгийн гишүүд нэг дэх асуудлыг ирэх даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцэхээр шийдлээ. Мөн АН-тай уулзаж зөвшилцөх асуудалд анхаарч Ажлын хэсэг гаргахаар болсон. Энэ Ажлын хэсэг АН-тай ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар санал солилцож зөвшилцөнө" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Харин одоогоос 14 хоногийн өмнө сөрөг хүчин болох АН-аас мэдээлэл хийсэн байдаг. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын зөвлөлд чиглэл өгсөн. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон ард нийтийн санал асуулгад АН ямар байр суурьтай байх вэ гэдгээ тодорхойлж, Ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсэг нь иргэдийн эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалахад чиглэнэ. Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах үүрэгтэйгээс гадна ард нийтийн санал асуулгыг ямар хэлбэрээр явуулахыг судалж, шийдэл гаргана. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллана" хэмээн мэдэгдсэн билээ. Ингэхдээ эрх баригч намынхантай зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжихээ илэрхийлсэн. Эсрэгээрээ зөвшилцөлд хүрч чадвал хамтарч ажиллахад бэлэн гэдгээ тодотгосон байдаг. 

Ямартай ч улс төрийн өнгийг тодорхойлж яваа улс төрийн хоёр том нам гурван асуудалд зөвшилцөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр намаас томилогдсон Ажлын хэсгийн гишүүд хоёр талд ширээний ард сууж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хориг болон УИХ-ын ээлжит бус сонгуулийн асуудлаар зөвшилцөхөөр болж байна. Харин тэдний зөвшилцөл хөшигний хаана өрнөх нь одоохондоо тодорхойгүй байна. Тэд дээрх гурван асуудалд нэг бол хөтлөлцөөд цааш явна, эсвэл хоёр тийшээ харж суугаад тус бүртээ улс төрийн ээлжит "жүжиг"-ээ дэглэх эсэхийг олон нийт тун удахгүй харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bud (24.19.4.149) 2019 оны 09 сарын 27

Muu novshnuud 2020ond baihgui bolohiin hoorond uigaa zuvshiltsdegiin.

1  |  0
зочин(202.131.243.190) 2019 оны 09 сарын 27

ардчилсан намтай юуг нь зөвшилцдөг байна.бүлэг нь байхгүй болсон биздээ.

0  |  0
Top