УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2019.10.01/ нээлтэй хийлээ. Намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Тэрбээр "УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын ээлжит чуулган бий. Тиймээс өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухал асуудлуудыг хойшлуулашгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага та бидэнд оногдож байна. Энэ хэрээр УИХ-ын намрын чуулган шахуу хуваарьтай өндөр ачаалалтай ажиллана. Ард түмний засаглах эрхийн залгуур дээр сууж байгаа бидэнд улсаа өөд татах амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой түмэн нь амгалан зөвхөн хуулиар засаглаж шударга ёс, сахилга хариуцлага нийгмийн зайшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилт бидэнд үлдэж байна" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бол бүх нийтийн зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Энэхүү үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг улс төрийн намуудаас хүсэж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж батална. Эдийн засаг сэргэсэн гэж үзэж болно. Монгол Улсын төсөв эерэг үзүүлэлтэй гарсан. Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч голлох түүхий эдийн үнэ буурах эрсдэл бий. Хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг оновчтой хуваарилах шаардлагатай. Энэ намрын чуулганаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ. Хууль, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илчилсэн хүмүүсийг хамгаалах чиглэлийг дээшлүүлнэ. Шинжлэх ухаан технологийн хувьсгал, өөрчлөлтийн үед амьдарч байна. Энэ үед улс уламжлалт технологиосоо татгалзаж, цоо шинэ эрин үед хөл нийлүүлж алхах цаг ирлээ. УИХ-ын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдэж байна" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатарыг үг хэлсний дараа нээлтийн үйл ажиллагааг хааж, чуулганы хуралдааныг түр завсарлуулав. Улмаар үдээс хойш 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 0 )