Хоёр нам ширээний ард сууцгаасан ч ЗӨВШИЛЦӨЖ ЧАДАЛГҮЙ таржээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан сөрөг хүчнээс  томилсон Ажлын хэсгийнхэн Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан эрх баригч намын Ажлын хэсгийнхэнтэй өнгөрсөн даваа гарагт зөвшилцөхөөр ширээний ард суусан байна. Гэвч тэд тодорхой шалтгааны улмаас шийдэлд хүрч чадалгүй хоёр тийш болцгоожээ-


Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам гурван асуудалд зөвшилцөхөөр ширээний ард суусан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Тэд өнгөрсөн тав хоногийн хугацаанд нэг л удаа уулзацгаажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан сөрөг хүчнээс  томилсон Ажлын хэсгийнхэн Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан эрх баригч намын Ажлын хэсгийнхэнтэй өнгөрсөн даваа гарагт зөвшилцөхөөр ширээний ард суусан байна. Гэвч тэд тодорхой шалтгааны улмаас шийдэлд хүрч чадалгүй хоёр тийш болцгоожээ. Үүнд эрх баригч намын дотоод хагарал, эв зүйгээ олохгүй яваа бүлгийн гишүүд нь "буруу"-тай гэдгийг эх сурвалж хэлж байна.

Улс төрд өрнөж байгаа цаг үеийн гурван том асуудал болох Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ээлжит бус сонгууль явуулах эсэхээр АН-ын зүгээс эрх баригч намтай зөвшилцөх саналыг тавьж, Ажлын хэсэг байгуулсан байдаг. Харин тэрхүү саналыг нь МАН-ынхан хүлээн авч өнгөрсөн баасан гарагт товлосон бүлгийн хуралдаанаа даваа гараг хүртэл хойшлуулсан билээ.

Харамсалтай нь, өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хоригт гишүүд нь санал нэгдэж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, тэд гурван асуудлын нэгт нь шийдэлд хүрч чадалгүй бүлгийн хуралдаанаа өндөрлүүлсэн байдаг.

Нэгэнт бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудалд санал нэгдэж чадаагүй тул З.Нарантуяа гишүүнээр ахлуулсан АН-ын зөвшилцөх Ажлын хэсэгтэй зөвшилцөж чадаагүй байна. Нөгөө талд АН-ынхан эрх баригч намын гишүүдийг санал нэгдэж, тодорхой шийдэлд хүрэхийг нь хүлээхээс өөр сонголтгүй үлджээ. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа ирэх баасан гарагт дуусна. Үүнээс өмнө хоёр намаас томилсон Ажлын хэсэг зөвшилцөх шаардлагатай. Дээр нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр бол Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоригийнх нь асуудлаар ярилцах шаардлагатайгаас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газартай санал солилцох хэрэгтэй гэсэн билээ.

Гэхдээ тэр бүхнээс урьтаж эрх баригч намын бүлэг хуралдаж, бүлгийн гишүүд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд байр сууриа нэгтгэх ёстой. Дараа нь холбогдох байнгын хороо хуралдаж, түүнээс гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.10.162) 2019 оны 10 сарын 02

МАН ИХ ХУРАЛД ҮНЭХЭЭР ОЛУУЛАА БАЙЖ, БҮЛЭГЧ ҮГҮЙ НАМ, ХУВЬ ХҮНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЭЭД БАЙНА УУ ДАА. ТӨР ЗАСАГ МААНЬ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА

0  |  0
Top