Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр /2019.10.02/ цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагч яагаад илрэхгүй байгаа асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар байр сууриа илэрхийллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдад өнөөдөр /2019.10.02/ асуулга тавьсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын бүх нотлох баримт, материалуудыг, мөн дээр нь шүүхээс гарсан шийдвэр, тогтоолуудыг ил тод болгох асуудлаар асуулга тавилаа. Нууцын зэрэглэлтэй байгаа гэдэг байдлаар хөшигний ард байлгаж, нуун далдалж энэ хэргээр 21 жил улс төр хийлээ. Одоо болих хэрэгтэй. Ард түмэнд ил болгох ёстой. Ард түмэн өөрсдөө шүүг. Хэн буруутай, хэн буруугүй юм. Энэ хэргээр 21 жил улс төржлөө. Одоо болсон. Аливаа юманд хэмжээ хугацаа гэж бий. Одоо энэ хэргийг ил тод болгож, захиалагчийг зарла гэдэг шаардлага тавьж байна.
Захиалагч илрэхгүй байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай гэж бодож байна. Хууль зүйн салбарыг 22 жил толгойлсон хүн өнөөдөр шударгын дүрд тоглож байгаа. Эрүүдэн шүүлт байгаа гэж зарлаж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Хууль зүйн сайд хүн эрүүдэн шүүлт болж байхад мэдээгүй байсан мэтээр яриад байж байна гэдэг бол хариуцлагагүй байна. Шууд огцрох ёстой. Тэр үед юу хийж байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хууль зүйн сайдын шууд удирдлагад байдаг байгууллага шүү дээ. Тэнд эрүүдэн шүүлт болж байхад яагаад Хууль зүйн сайд нь мэдэхгүй байдаг юм. Ажлаа мэдэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хариуцлага хүлээх ёстой.
Хоёрдугаарт эрүүдэн шүүсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бүх зүйлийг ил болгох хэрэгтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Аравдугаар сарын 2-ны өдөр бол С.Зориг агсныг, мөн үндэсний үзэлтэн Д.Төмөр-Очир гуайг хороосон өдөр. Монголын хоёр том эх орончийг зохион байгуулалттайгаар амийг нь хороосон гэж ойлгодог. Үндэсний эрх ашиг бусад бүх эрх ашгаас эрэмбэ дарааллын хувьд хамгийн дээр нь байх ёстой гэж С.Зориг агсан хэлж байлаа. 21 жилийн тэртээ С.Зориг агсан амиа алдсан тэр өдрөөс хойш Монголын ардчилал буруу замаар будаа тээсэн гэж хардаг юм. Баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, хэдхэн гэр бүл баян тарган болж, Монголын ард түмэн нийтээрээ ядуурлын зам руу орсон.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр нь илрүүлэх, захиалагч, алуурчныг илрүүлэхийг Монголын төр, төрд ажиллаж байгаа хүмүүс хүсэхгүй байгааг бид харж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
ИРЭХ СОНГУУЛИАР ЭХ ОРОНЧ 5 ГИШҮҮН ДЭЭР НЬ МАН-ЫН ХҮРЭЛСҮХИЙНХЭНИЙГ СОНГОЖ БАЙЖ БҮХ ХЭРЭГ АВЛИГА ХУЛГАЙ ШУДРАГААР ШИЙДЭГДЭХ ҮҮД ХААЛГА НЭЭГДЭХ БОЛНО.МАНАН-ГААС САЛАХ ЦАГ БОЛСОН.
Яагаад Хууль зүйн сайд нь мэдэхгүй байдаг юм. Яг үнэн. Эрдэнэ таны засгийн газрын хуулийн сайд тийм л байсан байна. Харин Нямка хуулийн сайд болмогцоо үүнийг мэдэж хөдөлгөсөн юм байнаа даа.
Баахан худлаа хуурамч баримт бүрдүүлчихсэн материал байвал иргэд үнэмших аюултай юм байна.