Дундговь нутгаас төрөн гарсан "Дуурьсал" хамтлаг уран бүтээлийн арвин богцоо задалж, Улаанбаатар хотноо "Монгол бөхийн өргөө"-нд маргааш буюу энэ сарын 4-нд “Дуурьсал 2019” тоглолтоо толилуулах гэж байгаа билээ.
Тоглолтод дуучин Э.Төрмандах, гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Соёлын тэргүүний ажилтан Х.Эрдэнэцэцэг, Филармонийн гоцлол дуучин Т.Отгонбаяр нар оролцож ая дуугаа өргөх бөгөөд “Дуурьсал”-ынхантай дуугаар цалгиж өнгөрүүлэхийг урьж байна.
“Дундговийн магтаал”, “Хуртай зуны аялгуу”, “Тэнгэрийн дуурьсал” “Идэр жинчин”, “Эх нутаг”, “Бүүвэйн түрлэг”, “Дөрвөн цаг”, “Сүүн цагаан сэтгэл” зэрэг хуучны сэтгэлд хоногшсон дууг дуулж нутгийнхаа зон олны баяр талархлыг хүлээсэн “Дуурьсал” хамтлаг нь 2016 онд байгуулагдсан юм.
Дуу хуурын өлгий Дундговь нутгийн дөрвөн залуу 2018 онд “Дуутай, хууртай нутаг усныхан минь” анхны цомгоо гаргаж, Өвөрмонголын хотуудаар тоглолт хийж, элэг нэгт түмэндээ ая дуугаа өргөөд иржээ.
“Дуурьсал” хамтлаг нь ардын дууны хэв маяг дээр уламжилж, орчин үеийн хөгжмийн найруулгыг шийдэн, язгуур шинжийг агуулсан этник поп чиглэлийг барьж, ерөөл, бэлгэдлийн шинжтэй уран бүтээлээ туурвиж буй ганц хамтлаг юм. Монголын эрэгтэй дуучдын хамтлаг поп, хип хоп, поп опера, жаз чиглэлээр дуулдаг бол этник поп төрөл үгүйлэгдэж байсан тэр орон зайг харж “Дуурьсал” хамтлаг нь бусдаас ялгарах, содон төрхөө бүрдүүлж яваа билээ. “Дуурьсал” хамтлаг нь хоёр уртын дуучинтай бөгөөд уран бүтээлээ уртын дууны элемент дээр суурилж, аялгуулаг, хөгжимлөг, тансаг найруулгатай өвөрмөц өв соёлыг бүтээж байна. Монгол түмний уламжлалт ёс заншил, хүндэтгэх ёсон, залах урих ёсыг бэлгэдсэн “Хурай”, “Заллага”, “Даллага”, Хуртай зуны аялгуу“, “Дээшээ морил” зэрэг шинэхэн бүтээлээ туурвиж уран бүтээлийн богц арвин байна.
Энэхүү шинэ имиджийг бүрдүүлж буй продюсер бол “Дундговь-Урлаг” сангийн тэргүүн Г.Түвшинтөр. Тэрбээр тоглолтын үеэр намрын сэнгэнэсэн айргаар үзэгчдээ дайлж, “Дуутай, хууртай нутаг усныхан минь” цомгийг худалдаалж, тоглолтын үеэр үзэгчдээс таван азтан шалгаруулах тухай хэлэв.
Тус хамтлагийн гишүүдийн товч танилцуулгыг хүргэе.
Хамтлагийн Ахлагч, Дуучин Д.Нямжаргал
“Манай хамтлаг мартагдаж, бүдгэрээд байгаа ерөөл, бэлгэдлийн шинжтэй дуу дуулдгаараа онцлог. Нутгийн хөгшчүүд хоолойны цараа шаардсан боржигин бараат аялгуугаар дуулдаг. Морин дэл дээр “Сэрүүн сайхан хангайг дуулаад хатируулахад ч мөн сайхан даа”
Хулд сумын харьяат
Хоолойн төрөл: Цээл /Тенор/
Мэргэшил: 2011 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн анги
Мэргэжлийн багш: Ц.Ерөө /МУГЖ/
Ажлын туршлага:Дундговь аймгийн ТХДЖТеатрт дуучин
Хулд сумын Олдох багийн малчин
Хамтлагийн Гишүүн, Уртын Дууч Б.Туваансүрэн
“Уран бүтээлч байна гэдэг маш том хариуцлага. Дууны амин сүнс нь аялгуу, үгэндээ байдаг бол тэр хоёрын нийлэмжийг дотоод сэтгэлээс ээ амьдруулна гэдэг дуучин хүний чадвар юм”
Дэрэн сумын Бумбат баг
Хоолойн төрөл: Цээл /Тенор/
МУСГЗ Г.Дадьсүрэнгийн шавь
ХУС-ын уртын дууны эчнээ ангийн оюутан
Ажлын туршлага: Дундговь аймгийн ТХДЖТеатрт дуучин
Хамтлагийн Дуучин Б.Энхбаяр
“Би багаасаа урлагийн үзлэгт ордог нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Зуны амралтаар Эрдэнэдалай суманд амарч байхад ээж аав хоёр аймгийн төвөөс “Камертон” хамтлагийн “Арван найман нас”гэдэг кассет явуулсан юм. Тэр кассетыг зурагдтал нь сонссон доо. Ингэж л нэгдүгээр ангиасаа “Камертон” хамтлаг шиг хамтлаг байгуулахыг нууцхан мөрөөдөж эхэлсэн”
Эрдэнэдалай сумын харьяат
Хоолойн төрөл: Аргил /Басс/
Хамтлагийн хөгжмийн найруулагч, дууны инженер
Ажлын туршлага: Дундговь аймгийн ТХДЖТеатрт дуучин
Хамтлагийн Гишүүн, Уртын Дууч Э.Хонгорцог
“Дуулна гэдэг сэтгэлийн хүч. Муу муухай зүйл дотроо агуулж яваа хүнээс сайхан аялгуу хэзээ ч гарахгүй шиг сайн сайхныг бодож бясалгаж явдаг хүнээс л сайхан дуу эгшиглэнэ”
Дэрэн сумын харьяат
Хоолойн төрөл: Цээл /Тенор/
МУСГЗ Г.Дадьсүрэнгийн шавь
СИТИ сургуулийн уртын дууны эчнээ ангийн оюутан
Ажлын туршлага: Дундговь аймгийн ТХДЖТеатрт дуучин
Сэтгэгдэл ( 0 )