С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхээр төсвийн төсөлд оруулсан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Уг төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал оруулж ирсэн гэсэн. Сонгуулийн жилийн төсөв ер нь халамжид илүүтэй анхаарсан байдаг. Энэ өнцгөөр “хайр зарласан” зүйлүүд орууллаа гэх хүн ч байна?

-Яах вэ дээ, хүний хэвлэн нийтлэх эрх нь чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа учраас янз янзаар л хандаж байгаа байх. Засгийн газар өнгөрсөн хоёр, гурван жил цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй байж байгаад 2020 оны төсөв дээр нэмнэ гээд оруулсан бол бас тэгж хэлэх үндэстэй. Гэхдээ энэ Засгийн газар чинь 2014 оноос хойш хөдөлгөж чадаагүй байсан төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос нэмж эхэлсэн шүү дээ. Гурав дахь жил дээрээ цалин, тэтгэвэр нэмж байгаа учраас тэгж хардах хардлага байхгүй болов уу гэж бодож байна.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлж ирсэн. Инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхээс гадна төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээг үндэслэж нэмсэн. Тодруулбал, ажлын байрны нөхцөл, ур чадвар, хариуцлагаас хамаарч ялангуяа багш, эмч нарын албан тушаал, ангилал зэрэглэлийг ахиулах арга хэмжээ авсан. Энэ хоёр арга хэмжээний үр дүнд багш, эмч нарын цалин 30 гаруй хувиар нэмэгдсэн байдаг. Өнөөдөр төрийн албан хаагчдын дундаж цалин 925 орчим мянган төгрөг болсон гэсэн судалгаа байна.

-Тэгвэл ирэх жилд төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар нэмэх вэ?

-2020 онд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд оруулсан. Нийт 150 орчим тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр эх үүсвэрийг төсвийн төсөлд суулгаж өгсөн байгаа. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн үйлчилгээний албан хаагчдад өмнө нь олгогддоггүй байсан удаан жилийн нэмэгдэл гэдгийг цоо шинээр олгож эхлэхээр болсон. Төрийн үйлчилгээний албан хаагч ялангуяа багш, эмч нар цалингийнхаа дунджаар 10 орчим хувиар удаан жилийн нэмэгдэл олгохоор төсөвт тусгаж байгаа. Нийтдээ энэ төсвийн төсөлд цалин нэмэгдүүлэх эх үүсвэрээс гадна 140 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох удаан жилийн нэмэгдэлд тооцож оруулсан.

-Тэгвэл тэтгэврийн тухайд?

-Мөн л инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлнэ. 170-аад тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж төсөвт тусгасан. Дээр нь 1991 онд БНМАУ-ын хууль гараад тэтгэврийн нас нь болоогүй байхад ажлын байр чөлөөлнө гэдэг нэрийдлээр гол төлөв олон хүүхэдтэй эхчүүдийг эрт тэтгэвэрт гаргасан байдаг. Дараа нь 1996 онд тэтгэвэр олгох насанд хүрээгүй байна гээд тэтгэврийг нь зогсоочихсон байдаг юм. Тэр ахмадуудын ихэнх нь одоо өндөр насан хүрчихсэн учраас нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Гэхдээ тухайн үед тэтгэврийн нас нь хүрээгүй байхад тэтгэвэрт гаргачихсан учраас улсад ажилласан жил нь цөөхөн байдаг болохоор тэтгэврийг багаар тогтоосон. Тэгэхээр тэдгээр иргэнийг тухайн үеийн төр засгийн шийдвэрээр эрх ашгийг нь хохироосон гэж Засгийн газар үзэж эдгээр иргэний тэтгэврийг ирэх онд тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж найман хувиар нэмэхээс гадна одоогийн авч байгаа суурь тэтгэврийг нь 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн хуулийн төслийг Төсвийн тухай хуультай хамтад нь өргөн барьсан.

-Тэтгэврийн зээлийн хүүг шат дараалан бууруулж эхэлсэн. Ирэх жил дахиад бууруулах уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг барьцаалан зээл авч байгаатай холбоотой зээлийн хүү өндөр байна гэдэг асуудлыг нэлээд шүүмжилдэг. Манай Засгийн газрыг байгуулагдахад зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 15 хувь байсныг хугацааг нь нэг жил болгоод тэтгэврийн хүүг нь шат дараатай бууруулж 10 хувь болгосон. Одоо цаана нь хоёр жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байсныг сая арилжааны банкуудтай хэд хэдэн удаа уулзаж, нэлээд хэлцэл хийсний дүнд ойлголцолд хүрлээ. Ингэснээр хоёр жилийн хугацаатай олгож байгаа зээлийн хүү 18 хувь байгааг энэ сарын 1-нээс 15.6 хувь болгож бууруулах, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 13 хувь болгож дахин бууруулахаар арилжааны банкуудтай ойлголцоод ажиллаж байгаа. Мөн ирэх жил нийгмийн даатгалтай холбоотой хэд хэдэн шинэ хуулиудаа хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Тухайлбал, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд бүрэн гүйцэд хамрагдаагүй байдаг. Тийм учраас малчин болоод хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй яваа бол нэг удаа нөхөн төлүүлэх хуулиа ирэх оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгаж өгсөн. Дээр нь Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудаа ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Ялангуяа эхчүүд төрүүлж өсгөсөн хүүхдүүдийн тоогоор улсад ажилласан жилийг 1.5 жилээр өсгөн нэмэгдүүлэх, хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдийн энэ хугацааных нь нийгмийн даатгалын шимтгэл тасалдахгүй төлөгддөг байх хуулиа хэрэгжүүлнэ.

-Цалин, тэтгэврийг нэмэхээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг гэсэн болгоомжлол байдаг?

-Инфляцын түвшинтэй уялдуулж байгаа учраас тийм асуудал гарахгүй байх.

-Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын анхдугаар чуулган болох гэж байгаа юм байна. Анхдугаар гэхээрээ сонин байна л даа. Энэ чуулганаараа юу ярилцах вэ?

-Одоогийн байдлаар мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад улсын хэмжээгээр 84 үйл ажиллагаа явуулж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд 38 сургууль, их, дээд сургуулиудыг түшиглэсэн 10 орчим сургууль байна. Үлдсэн нь хувийн хэвшлийн сургуулиуд байгаа. Тэдгээрт нийтдээ 4000 багш ажиллаж, 35 орчим мянган хүүхэд суралцдаг. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нарын бие даасан хурал зөвлөгөөн зохион байгуулаагүй юм байна лээ. Энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага харьяалагдаж байгаа учраас мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын анхдугаар зөвлөгөөнийг Ерөнхий сайд үндсэндээ өөрөө санаачилж хийж байна. Уг анхдугаар зөвлөгөөнөөр зөвхөн багш нарын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөлтэй холбоотой асуудал яриад өнгөрөхгүй. Ер нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өнөөгийн хүрсэн түвшиндээ үнэлэлт, дүгнэлт өгөх, цааш­дын хөгжлийн чиг ханд­лагаа тодорхойлох зорилготой зөвлөгөөнийг хийж байгаа. 800 орчим мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш оролцоно. Өнөөдөр (өчигдөр) зөвлөгөөний өмнө багш нар болоод ажил олгогчдын санал бодлыг сонсох зорилгоор гурван салбар хуралдаан хийлээ.

-4000 орчим багш, 35 мянга орчим суралцагч гэхээр нэлээд ихэссэн санагдаж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтыг бүхий л талаар дэмжих бодлого баримталж байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг дэмжиж хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэй, ур чадвартай, өрсөлдөх чадвар сайтай ажилтан бэлтгэх нь чухал. Үүнийг  Монгол Улсын хөгжлийн тулгуур гэж Засгийн газар үзэж байгаа. Тийм учраас 2019 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн ажлын хүрээнд Засгийн газрын дэмжлэгтэйгээр багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, мөн мэргэжлийн багш нарын ажил албан тушаалын ангилал зэрэглэлийг нь шинэчлэн тогтоох арга хэмжээ авсан. Цалин хөлсний тухайд ч бодитой нэмэгдсэн гэж бид үзэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудын багш нар нь улиралд 20 хүртэл хувийн урамшуулал авдаг байхад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш нар улирлын урамшуулал авч чадахгүй өнөөг хүрсэн. Тийм учраас 2018 онд таван хувь, 2019 онд улирлын урамшууллыг 10 хувь болгосон. Ирэх онд багш нарын урамшууллыг 15 хувь болгоно. Цаашдаа ЕБС-ийн багш нарын хэмжээнд хүргэнэ гэсэн чиглэлээр ажиллаж байгаа. Энэ жил Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хөрөнгийн асуудлыг нь шийдээд МСҮТ-д ажиллаж байгаа багш нарт орчин үеийн техник, компьютерээр хангах арга хэмжээ авсан. Бид эхний байдлаар 925 багшийг техник хэрэгслээр хангасан. Энэ ондоо багтаад 540 багшийг техник, тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна.

-МСҮТ-д суралцаж байгаа суралцагчдад нас харгалзахгүй 100 мянган төгрөг сар тутам өгдөг. Ирэх жил 200 мянган төгрөг болгоно гэсэн үү?

-Үе үеийн Засгийн газрын өмнө тулгамдаж ирсэн асуудал бол ажилгүйдлийг бууруулах. Манай Засгийн газар ч ажилгүйдлийг бууруулахыг тэргүүлэх зорилтынхоо нэг болгосон. Ажилгүйдлийг бууруулах аргын үндсэн нэг нь МСҮТ-үүдийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр залуучуудыг бэлтгэх л дээ. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж байгаа залуусын сонирхлыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Зас­гийн газар, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр нас харгалзахгүйгээр сар тутамд 100 мянган төгрөг энэ оны нэгдүгээр сараас олгож эхэлсэн. Ирэх оны улсын төсвийн төсөл дотор уг тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж сар тутамд 200 мянган төгрөг болгохоор тусгаад УИХ-д өргөн барьсан. Ингэж чадах юм бол залуучууд мэргэжилтэй болох, ур чадвартай, байнгын тогтмол ажилтай, орлоготой болох нөхцөл боломж нь бүрдэнэ гэж үзэж байгаа.

-Суралцах залуусыг олноор нь татдаг юм байж. Харин төгсөгчдийн ажлын байрны тухайд ямар байгаа вэ?

-Статистик судалгаанаас харахад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж төгссөн залуусын 65 орчим хувь нь тодорхой ажлын байртай болсон байна. Цаашдаа бид МСҮТ-д суралцаж байгаа залуусыг 100 хувь ажлын байраар хангах боломж бий гэж үзэж байгаа. Ингэхийн тулд суралцагчид ажил олгогч нарыг зуучлах арга хэмжээнээс гадна нэгэнт суралцаж мэдлэг, ур чадвар эзэмшсэн залуус өөртөө болон бусдад ажлын байр бий болгохыг нь дэмжих хөтөлбөр шаардлагатай. Тухайлбал, ажлын байраа бий болгоход нь хэрэгтэй багаж, тоног төхөөрөмжийг хүү багатай лизингээр олгодог байх, хүү багатай урт хугацааны зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлэх юм бол мэргэжлийн боловсролын байгууллагад суралцаж байгаа залуус 100 хувь ажлын байртай болох боломж бий гэж харж байгаа. Нэг үеэ бодоход Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү жаахан дээрдэж байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ч нэмэгдлээ. Үүнийг дагаад бий болох ажлын байруудад одооноос залуусаа бэлдэх зайлшгүй шаардлагатай гэж үзээд Засгийн газар анхаарал хандуулж байгаа.

-Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэмж өгөхгүй байж мэргэжлийн сургалтын төвийн суралцагчдад өгч байгаа. Амьдралын боломж арай тааруу хүмүүс суралцдаг гэж үзээд байгаа юм уу?

-Бид бол мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж байгаа залууст тэтгэлэг олгож байгаагаа баялаг бүтээгчдийг дэмжиж байна гэж л ойлгож байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад суралцаж төгсөж байгаа залуус эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа Монгол Улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах баялаг бүтээгчид юм. Ер нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд суралцдаг учраас тэтгэлэг олгож байгаа гэж ойлгож болохгүй. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчих чадавхийг нь нэмэгдүүлж өгч байгаа юм. Энэ өнцгөөсөө мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаа дэмжих, түүнд суралцаж байгаа залууст тэтгэлэг олгож байгаа нь өөрөө Монголын хөгжлийн суурь асуудалд анхаарч байгаа явдал.

-Дэлхийн ур чадварын уралдаанд манайхан гайгүй ороод байна гээд дуулдаад байдаг. Манайд олгож байгаа мэргэжлийн сургалтын чанар ер нь ямар байх шиг байна?

-Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын багш нар, суралцаж байгаа залуусын ур чадварын нэг үнэлэмж нь дэлхийн ур чадварын тэмцээн болж байгаа гэж бид үздэг. 2015 оноос монголын мэргэжилтэй залуучууд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ жил гурав дахь удаагаа оролцсон. Үндэсний амжилтаа эвдсэн. Нэг үеэ бодоход амжилт нь ахиж байгаа. Энэ тэмцээнд оролцоод ирж байгаа залуусыг би мэргэжилтэй ажилтай болох юм бол хэнээс ч дутахгүй цалин хөлс аваад амьдарч болох боломж байдгийг үеийнхэндээ харуулж үлгэрлэж байгаа гэж боддог. Мэргэжилтэй залуусынхаа хүчээр л Монгол Улс дан ганц мал аж ахуйгаас аж үйлдвэртэй орон болж чадсан шүү дээ. Атар газрыг эзэмшсэн гээд яриад байх юм бол бүх бүтээн байгуулалтын ажлын манлайд, оройд нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сурч төгссөн ур чадвартай, мэргэжилтэй ажилчид байсан.

Гэхдээ дэлхий нийтийн хөгжлийн жишигт манай мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага хүрч чадсан гэвэл бас хэлэхэд хэцүү. Учир нь 1990 оноос ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын бүтэц нэлээд тогтворгүй явж ирсэн. Нөгөө талаар багшлах боловсон хүчний нөөц бас нэлээд дутагдалтай болсон. Багш нарыг давтан сургах, хөгжүүлэх асуудал хоцрогдсон. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийг салгаж бэлтгэх орчин үеийн шаардлага хангасан сургалтын тоног төхөөрөмжүүд хангалтгүй байгаа асуудлууд байна. Тиймээс багш нарыг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх орчин үеийн шаардлага хангасан дадлагын төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зайлшгүй арга хэмжээ авч шаардлагатай. Энэ онд Азийн хөгжлийн банктай хамтарч есөн сая ам.долларын хөрөнгөөр мэргэжлийн боловсрол сургалтын салбарт шаардлагатай байгаа дадлагын тоног төхөөрөмжүүдийг шинэчилж сайжруулж байна. Нөгөө талаас бас дан танхимын сургалт гэхээсээ илүү мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг үйлдвэрүүдтэй сайн холбож онол, дадлага хосолсон байдалтай болгох гээд нэлээд шинэчлэлийн ажлууд харагдаж байна гэдэгтэй санал нэгдэх хэрэгтэй байх.

-Нас харгалзахгүйгээр тэтгэлэг олгож байна. Тэгэхээр хамрагдах хүсэлтэй хүн бүрийг сургах багтаамж мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад байна уу?

-Бид өнгөрсөн жил Засгийн газар дээр ярилцаж байгаад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж байгаа залууст нас харгалзахгүй тэтгэлэг олгох болсон. Гэхдээ судалгаа нарийвчилж үзэх шаардлага байна уу гэсэн бодол төрж байна. Тухайлбал, нас харгалзахгүй гэхээр элсэлт нэлээд нэмэгдэх сайн талтай. Нөгөө талаасаа өндөр насны хүмүүс дийлэнх нь элсэлтэд ороод ирэх тийм чиг хандлага руу явчих вий гэсэн болгоомжлол бий. Тийм учраас ирэх онд 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохдоо энэ журамд өөрчлөлт оруулах эсэхийг нэлээд судалж байж Засгийн газарт асуудлаа оруулна гэсэн бодолтой байгаа гэдгээ хэлэхийг хүсэж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.43.95) 2019 оны 10 сарын 03

ТЭТГЭВРИЙГ НӨГӨӨ 20000 -Р Л НЭМЖ ХУУРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТИЙМ ҮҮ? САЙД АА ???????????????????

0  |  0
зочин(103.9.88.162) 2019 оны 10 сарын 03

Энэ нөхөр сайд болоод дандаа хорлонтой зүйл хийнэ.Тэтгэврийн нас нэмсэн,НДШ нэмсэн,5 жилийг 7 болгож нэмсэн

0  |  0
иргэн(202.131.227.82) 2019 оны 10 сарын 03

хууль санаачилж байгаа л юм бол хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой шүү.

0  |  0
ыбх(202.21.101.174) 2019 оны 10 сарын 03

Цаг наргүй ажилдаг хувийн хэвшлийнхнийг чирж бна . Төрийнхөнд цалин нэмэхэд хувийн компанид ажилдаг олон мянган хүмүүст нэмдэггүй . Дагаад хэрэглээний үнэ нэмэгдээд явчдаг.

0  |  0
зочин(202.126.89.179) 2019 оны 10 сарын 03

Өнгөрсөн онд инфляци 8% байхад тэтгэврийг 6% аар нэмсэн байна.Үлдсэн 2% нь хаачсан бэ.

1  |  0
Top