“Хоржоонтой дурсамжууд” эргэн ирлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

Монголын төр, нийгэмд зүтгэсэн зүтгэлтэй, бүтээсэн зүйлтэй эрхэм хүмүүн болох зохиолч Лувсангийн Одончимэд агсны  “Хоржоонтой дурсамж” номын I, II боть дахин хэвлэгдэж, уншигчдын гарт хүрч буйг дуулгахад таатай байна. Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” шагналыг хүртсэн уг  номын нээлттэй хамтатган Л.Одончимэд агсны үр хүүхдүүд Оюуныг дэмжигч Л.Одончимэд сан байгуулснаа  өчигдөр албан ёсоор зарласан юм.

Лувсангийн Одончимэд агсны намтрыг тодотгоход,  1990-1992 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан бөгөөд 1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 1996-2016 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, хүндэт Ерөнхийлөгч, 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2009-2016 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн билээ.

“Хоржоонтой дурсамж” номын нээлтийн үеэр  Л.Одончимэд агсны хүү  О.Одбаяр “Хоржоонтой дурсамж” номд маш олон хүний түүх дурсамжийг аав минь энгийн сайхнаар өгүүлсэн нь бий. Бидний зүгээс тэр сайхан гэгээлэг дурсамж, мөрөөдлийг мартагдуулж болохгүй. Уншигчдад, тэр дотроо залуу үедээ аавынхаа бий болгож, бүтээж үлдээснийг хүргэе гэж зорьсон. Хоёрдугаарт, өнөөдөр аавын дурсамжид орсон хүмүүсийн олонх нь төрдөө зүтгэж, хийж бүтээж яваа. Тэднийг алдаршуулж аавынхаа үлдээсэн гэгээлэг мэдээллийг  дахин хүргэхийг хичээлээ” гэж байлаа.

Номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш,  Элчин сайд асан Д.Цахилгаан,  Ардын уран зохиолч  Д.Цоодол,  Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.

Зохиогч “Хоржоонтой дурсамж-1” номоо залуу наснаасаа нөхөрлөсөн андууддаа зориулан бичсэн бөгөөд “Хөгжилтэй бага нас минь”, “Хөгжилтэй явдлаар дүүрэн орчлон”, “Дорноговийн шог зохиолчид буюу аймагтаа ажилласан хоржоонтой жилүүд” гэсэн гурван хэсгээс бүрдсэн байдаг. Тэгвэл  “Хоржоонтой дурсамж-2” ном нь “Олдохын аргагүй амьдрал”, “Гээгдэхийн аргагүй хүмүүс”, “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг”, “Надтай учирсан сайхан хүмүүс”, “Уул үзээгүй хормой шуухын учир”, “Өгөөтэй, аваатай хорвоо” хэмээх хэд хэдэн бүлгээс бүрджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top