Гол тоглогчийн "Дотоод тэнгэр"

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Зохиолч, сэтгүүлч Д.Дамдинжавын  “Гол тоглогч 2” хөрөг, памфлетын ном, “Дотоод тэнгэр” яруу найргийн номын нээлт өнгөрөгч бямба гарагт Интерном дэлгүүрийн төв салбарт боллоо. 

“Толь” сонины эрхлэгч Д.Дамдинжав нь 2006 онд “Бусдын сүм дэх миний эрх чөлөө” нийтлэл, тэмдэглэл, яруу найргийн ном, 2011 онд “Зүрхний хэл” яруу найргийн ном, 2018 онд “Гол тоглогч-1” хөрөг, памфлетийн ном тус тус гаргаж байжээ.
 


Номын нээлтэд түүний багш МУСГЗ, Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн дарга зохиолч, сэтгүүлч До.Цэнджав, сэтгүүл зүйн судлаач, доктор, профессор Т.Баасансүрэн, Сэтгүүл зүйн доктор, профессор М.Зулькафил, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян, Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Дашдондов, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ай.Төмөр-Очир, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарын хүндэт зочид, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, сэтгүүлчид, зохиолч яруу найрагчид, уншигчид хүрэлцэн ирсэн байлаа.
 


Д.Дамдинжавын энэхүү хоёр номын нээлт сэтгүүл зүйн салбарын судлаачдын үнэлэлт дүгнэлт, магтаал сайшаал, шүүмж аль алинаар баялаг байсан нь онцлог байлаа. Тухайлбал Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян гуай “Ийм төрлөөр бичдэг, ингэж үнэнийг шууд хэлдэг залуу сэтгүүлчид гарч ирээсэй” гэж чин сэтгэлийн угаас хүсэж байснаа илэрхийлээд, бүтээлийн талаар зарим шүүмж хэлсэн бол сэтгүүл зүйн судлаач, доктор, профессор Т.Баасансүрэн “Гол тоглогч-2” номын талаар сэтгэгдлээ илэрхийлээд цаашид анхаарах зүйлсийн талаар үнэлэлт дүгнэлтээ хэллээ. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хүндэт Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Дашдондов “Д.Дамдинжав шиг сэтгүүлчид улам олон болоосой” хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн бол Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр анд найзынхаа амжилтаар бахархаж явдгаа илэрхийлсэн юм. Сэтгүүл зүйн доктор, профессор М.Зулькафил МУИС-ийн оюутнуудад памфлетийн сэдвээр хичээл заадгаа дурдаад, зохиогчийн бүтээлээс хичээлдээ ашиглаж эхлэхээ мэдэгдсэн.
 


Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн дарга зохиолч, сэтгүүлч До.Цэнджав багш нь Д.Дамдинжавын хувьд памфлет хэлбэрийн бичлэг оюутан байх үеэс нь ажиглагддаг байсныг онцлон дурдаад, МЗЭ-ийн гишүүний үнэмлэхийг нь (2019 оны 1 сард элссэн) гардуулан өгсөн юм.  

Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр” яруу найргийн номд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан 2018 оны 12 сарын 12-нд хадаг үг зүүж, “Гол тоглогч” номын өмнөтгөлийг Соёлын гавьяат зүтгэлсэн Т.Баасансүрэн бичиж уран бүтээлийн замналд нь ташуур өргөжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top