Аравдугаар сарын 3-12-ны хооронд Өмнөд Солонгосын Пусан хотноо азийн хамгийн том, нэр хүндтэй кино наадам үргэлжилж байгаа билээ.
24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй наадам Казахстан, Японы хамтарсан “The Horse Thieves. Roads of Time” киногоор нээж, Өмнөд Солонгосын "Moonlit Winter" киногоор хаалтаа хийх юм.
Энэ жил Өмнөд Солонгост кино урлаг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэн дэх хамгийн сайн 10 киног наадмын үеэр танилцуулахаар болсон байна.
100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор Өмнөд Солонгосын кино театруудад тусгай арга хэмжээнүүд болж байгаагаас гадна Пусаны олон улсын кино наадамд түүхэн ач холбогдол бүхий сонгодог 10 киног үзүүлэх аж.
Наадмын хүрээнд ази тивээс Энэтхэг улсын найруулагч Дипа Мехта, Малайз улсын найруулагч Ясмин Ахмад, Вьетнам улсын найруулагч Мин-ха нарын гурван найруулагчийг онцолж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Мөн наадмын хүрээнд гаргах кинонуудыг нийт 37 дэлгэцээр, зургаан кино театрт гаргаж байгаа аж.
Энэ жилийн наадамд 27 орны 26 бүрэн хэмжээний нэг богино хэмжээний кино оролцож байна.
Өмнөд Солонгосын хувьд 16 уран сайхны кино, 12 баримтат, богино хэмжээний кино өргөн дэлгэцээр гарч байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )